Хүүхдийн тасагт нэмэлтээр 20 ор дэлгэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн тоо нэмэгдэж буй учраас 40 орыг нэмэлтээр бэлтгэснээс 20 орыг дэлгэсэн байна.
Тус тасагт өнөөдрийн байдлаар 61 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд сэхээнд 5 хүүхэд байна гэдгийг Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр мэдээллээ. Нийт хүүхдийн 50,8 хувь нь амьсгалын цочмог хүнд халдвараар эмчлэгдэж байгаа гэнэ. Эрүүл мэндийн газраас бэлэн байдлыг хангаж шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байна.
Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн 103 болон хүүхдийн эмч нарт өдөрт 20-25 хүүхэд үзүүлж байгаа аж. Цаашид хүйтний эрч нэмэгдэж, ханиад томууны дэгдэлт их байгаа учраас олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх ялангуяа 0-5 насны хүүхдэд өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эмнэлэгт яаралтай хандаж, эмчийн зөвлөгөөг ягштал баримтлах хэрэгтэйг анхааруулж байв.
Мөн сурагчдад тогтмол
амны хаалт зүүлгэж, халуун аарц, чацарганы шүүс, саримстай хар шөл зэргийг
түлхүү хэрэглэхийг Эрүүл мэндийн газрын дарга анхааруулж байлаа.