МИАТ-ийн нойтон түрээсийн гэрээт ажил амжилттай болжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2015-09-23 12:37:39

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК-ийн “Boeing 737-800” агаарын хөлгийн баг  бүрэлдэхүүн БНЧУ-ын “Тravel Service” компанид нойтон түрээсийн гэрээт ажлаа амжилттай гүйцэтгэн өчигдөр эх орондоо ирлээ.

Энэхүү гэрээний хүрээнд нийт 18 нисгэгч, 17 агаарын хөлгийн үйлчлэгч, 16 инженер техникийн ажилтан, 5 нислэг хяналт зохицуулалтын мэргэжилтэн нараас бүрдсэн баг Англи, Европ, Өмнөд Африкийн чиглэлд нийт 1792 блок цагийн нислэг үйлдсэн байна.

 МИАТ ХК агаарын хөлгөө нойтон түрээсийн гэрээгээр түрээслүүлснээр санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болгоод зогсохгүй, европын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулж байгаа нь манай улсын агаарын тээврийн салбарын нэр хүндийг өргөсөн явдал боллоо хэмээн албаныхан мэдэгдлээ.

Нойтон түрээс гэдэг нь түрээслүүлэгч  агаарын хөлөг, түүний техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцаж, харин түрээслэгч нь  зорчигч, ачаа тээшний хариуцлагын даатгал, газрын үйлчилгээ, агаарын хөлгийг нислэгт гаргах ажлыг гүйцэтгэдэг түрээсийн нэг хэлбэр юм. Өөрөөр хэлбэл МИАТ ХК агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их бие болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм.

“Travel Service” компани нь нийт 17 агаарын хөлөгтэй бөгөөд 1998 оноос үйл ажиллагаагаа явуулж буй Чех улсын  агаарын тээврийн томоохон компаниудын нэг юм.

 

相关新闻
注释