Гал түймэртэй тэмцэх гурван жилийн төлөвлөгөө баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ 2020-2023 онд Ой, хээрийн гал түймрээс
урьдчилан сэргийлэх, тэмцэх аймгийн төлөвлөгөө баталлаа.
-Аймгийн
нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх гал түймэр унтраах ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй
байдлыг хангах, бүх шатны төрийн болон төрийн бус байгууллага, иргэн хуулийн
этгээдийн хамтын ажиллагааг сайжруулах, ажлын чанар, үр дүнг дээшлүүлэх, бэлэн
байдлыг хангаж эрсдэл, түймрийн тоо, хохирлыг бууруулах зорилтыг хэрэгжүүлнэ.
Манай аймгийн хувьд ойн сантай, зарим жил гантай хуурайшилт ихтэй байдгаас ой,
хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байдаг. Тиймээс бэлтгэл бэлэн байдлыг хангах
үүднээс гурван жилийн ажлаа төлөвлөлөө гэж аймгийн Онцгой байдлын газрын улсын
байцаагч Х.Чинзориг ярилаа.
Тус
аймагт гамшгаас хамгаалах дэд хөтөлбөрийг 2024 он хүртэл 10 жилийн хугацаатай хэрэгжүүлж
байгаа юм.
Ой,
хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх аймгийн төлөвлөгөөг
хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, жил бүрийн төсөвт хөрөнгийг тусгаж ажиллахыг
Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах ажлыг зохицуулах зөвлөлийн дарга,
аймгийн Засаг даргад даалгасан байна.
Ойн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор хил орчмын бүс нутгийн уулзалтыг ОХУ-ын
Буриад улс, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймагтай хамтран зохион байгуулах,
иргэдийн оролцоотой урамшуулалт морин эргүүлийг ажиллуулах, тэдгээрийг холбооны
хэрэгслээр хангах, алслагдсан суурин айл, өрхүүдээс тогтмол мэдээлэл авах, ойн
сан бүхий газарт байгаа иргэн, хуулийн этгээдийн өвөлжөө, хаваржаа, барилга
байгууламжийг түймрээс урьдчилан сэргийлж
шороон зурвас байгуулах, ой, хээрийн гал
түймрийн үед ашиглах зориулалттай газар орны нэршил, айл өрх, хүн ам, мал,
амьтны тоог багтаасан судалгаатай, ерөнхий байр зүйн зураг боловсруулах, аянга
газардуулагчийн зураг төсөл хийлгэх, түймрийн эзэн холбогдогч, шалтгаан
нөхцөлийг хуулийн хугацаанд шалган тогтоох зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр
төлөвлөлөө.