Боловсролын үнэлгээг өөрчлөх шаардлагатайг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ"Боловсролын үнэлгээ" нь хөгжлийн хөтөч учраас зайлшгүй өөрчлөх шаардлагатайг өнөөдөр эхэлсэн МУБИС-ийн судалгааны тэргүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулдаг “Боловсролын үнэлгээ” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.
МУБИС-ийн зөвлөх багш Б.Жадамбаа, “Бид боловсролыг үнэлэхэд илүү анхаарч, цаашдаа үнэлгээгээ улам гүнзгийрүүлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголд өндөр боловсролтой биш эрдэм боловсролтой хүн хэрэгтэй. Сурагчийн чадвар, мэдлэг, хандлагыг нь үнэлэхээс гадна эрдмийг нь үнэлэн, үр дүнг нь үр хүүхдийнхээ хөгжлөөс, их, дээд сургууль төгсөгчдийн чанараас харах боломжтой” гэв.
Энэ удаагийн хурлаар XXI зууны чадвар, чадамж, багш боловсролын хөгжлийг хэрхэн үнэлж, дүгнэх, боловсролын бүхий л шатны сургалтын болон багшийн ажлыг үнэлэх үнэлгээний асуудлаар эрдэмтэн, судлаачид, багш нарын судалгааны ажлын үр дүнг хэлэлцэж буйгаараа онцлогтой. Боловсролын үнэлгээний эцсийн үр дүн нь хүний хөгжлийн болон боловсролын үйлчилгээний чанар, үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэдэг хэмээн багш нар хэлж байна.
МУБИС-ийн захирал, профессор, Д.Мөнхжаргал хэлэхдээ, “Боловсролын чанарын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэн, боловсролыг тогтолцоонд нь авч үзэн, бага, суурь, бүрэн дунд болон дээд боловсрол, багшийн мэргэжил дээшлүүлэх, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход чиглүүлэн ажиллаж байна. Бид суралцагчдын мэдлэгийг үнэлж ирсэн баялаг туршлагатай боловч хүний чадвар, түүний ахиц амжилт, хөгжлийг хэрхэн үнэлэх, үнэлгээг хэр бодитой болгох, үнэлгээнээс авсан мэдээллийг үйл ажиллагаандаа хэрхэн хэрэглэх гээд үндэсний түвшинд шийдэх асуудал тулгарч байна. Эдгээр асуудлын талаар нэгдсэн ойлголтод хүрч, тэдгээрийн шийдлийг хайх, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлоход энэхүү хурал чухал ач холбогдолтой" гэлээ.
Тус хурлыг МУБИС-ийн Эрдэм шинжилгээний алба, Боловсрол судлалын сургууль, Багшийн сургууль хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байна.
Хуралд Монгол, Финланд, Япон, БНХАУ, Гонконг, Казахстан, Канад, ОХУ, Филиппин, БНСУ, ХБНГУ, Франц улсын их, дээд сургууль, судалгааны байгууллагын эрдэмтэн, судлаачид оролцож байна.
Хоёр өдөр үргэлжлэх хурлын илтгэлүүдээр эмхэтгэл хэвлүүлсэн бөгөөд сургуулиудад тараах аж.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр