Булган, Дорнод аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарсаар энэ сарын 20-ны өдрийн байдлаар Архангай, Булган, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв зэрэг 8 аймгийн 26 суманд нийт 34 удаагийн ой, хээрийн түймрийн дуудлага бүртгэгдээд байна. Түймрийн улмаас урьдчилсан байдлаар 98 560 га талбай өртөж, 3 айлын өвөлжөө, 1 автомашин шатаж, нийт 2.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.
Тухайлбал, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын нутаг “Бөгтөрийн нуруу” гэх газар энэ сарын 18-нд гарсан түймрийн голомтод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллан энэ сарын 20-ны өдрийн 23:30 цагт бүрэн унтраалаа.
Мөн Дорнод аймгийн Баяндун, Баян-Уул сумын нутагт энэ сарын 15-нд гарсан ой, хээрийн түймрийн голомтод Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, орон нутгийн иргэд ажиллан энэ сарын 20-ны өдрийн 16:00 цагт бүрэн унтраагаад байна. Өнөөдрийн байдлаар түймрийн дуудлага бүртгэгдээгүй гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.