“Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийг хаав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-20 16:46:10

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Зэвсэгт хүчин, Европын холбоо хамтран хэрэгжүүлсэн “Жендэрийн тэгш байдлын элч-Монголын энхийг сахиулагчид” төслийг хаалаа.


ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба энэ үеэр хэлэхдээ, "Монголын энхийг сахиулагчид НҮБ, олон улсын энхийн ажиллагаанд нөлөө бүхий, хариуцлагатай оролцогч болох сууриа бэхжүүлж, жендэрийн тэгш байдлыг хэрэгжүүлэх чадвартай, үлгэр жишээ хүчин хэмээн үнэлэгдэж буй"-г тэмдэглэсэн бөгөөд тус төсөл нь Зэвсэгт хүчний төдийгүй Монгол Улсын олон улсын нэр хүндийг дээшлүүлсэн үр дүн байсныг онцлов. 


Мөн Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните хэлсэн үгэндээ, "Төслийн үр дүн нь зөвхөн дотоодод жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийг дэмжээд зогсохгүй, Монголын энхийг сахиулагчдын нэр хүндийг олон улсын тавцанд бататгах, тэдний мэргэжлийн чадвар, манлайллыг дэлхийд үнэлүүлэхэд чухал алхам боллоо. Монголын энхийг сахиулагчид энхийн үйл хэрэгт төдийгүй нийгмийн тогтвортой хөгжил, жендэрийн тэгш байдлыг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах чадамжтай. Тэдний гүйцэтгэх үүрэг, манлайлал, дуу хоолой нь олон улсын тавцанд төдийгүй эх орондоо ч эерэг өөрчлөлт авчирна гэдэгт итгэлтэй байна” гэжээ. 



Монгол Улс, Европын холбоо хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Зэвсэгт хүчин, Европын холбоо анх удаа хамтран хэрэгжүүлсэн төсөл нь жендэрийн эрх тэгш байдлыг хангахын төлөөх үйлс бөгөөд өнгөрсөн оны 10 дугаар сард талууд хамтран ажиллах протоколд гарын үсэг зурснаар хэрэгжиж эхэлсэн юм. Ингэснээр Монгол Улсын Зэвсэгт хүчний 22 цэргийн алба хаагч Бүгд Найрамдах Словени Улсад жендэрийн мэргэшүүлэх сургалтад 11 дүгээр сарын 18-28-нд хамрагджээ. 


Төсөл нь Монголын Зэвсэгт хүчний энхийг сахиулагчдын жендэрийн мэдлэгийг гүнзгийрүүлэх, жендэрийн мэдрэмжтэй, хүний эрхэд суурилсан олон улсын ажиллагаанд үр дүнтэй оролцох чадамжийг нэмэх зорилготой.


Төсөлд хамрагдсан цэргийн алба хаагчдын тусламжтайгаар Зэвсэгт хүчний жендэр хариуцсан 80 гаруй албан тушаалтны "Жендэрийн мэдрэмжтэй Зэвсэгт хүчин" арга зүйн цугларалт, "Хамтдаа манлайлж, хамтдаа хөгжье" форум, гамшиг, эрүүл мэндийн салбарынхныг хамруулсан жендэрийн сургалт, Зэвсэгт хүчний удирдах түвшний 200 гаруй офицерт зориулсан жендэрийн бодлого, төлөвлөлтийн сургалт зохион байгуулжээ.


Манай улс 2002 онд хоёр хурандааг Бүгд найрамдах ардчилсан Конго Улсад, нэг дэслэгч генералыг Баруун Сахарт анх энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгүүлжээҮүний дараа Иракийн эрх чөлөө дайны дараах сэргээн босголт, олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг 2003 онд үүрэг гүйцэтгүүлснээс хойш 23 мянган цэргийг НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээгээд байна.



相关新闻