Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл сургалт зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
oyundelger@montsame.gov.mn
2025-05-22 14:02:52

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг өнөөдрөөс зохион байгуулж эхэллээ.


Сургалтад нийслэлийн есөн дүүргийн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах иргэд хамрагдаж байна. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан сургалтын хөтөлбөрөөр цэргийн штабын офицер, ахлагч нар сургалтыг зохион байгуулж байгаа юм. Дүйцүүлэх алба хаагчдыг Батлан хамгаалах тухай хуульд заасан иргэний үүргийн дагуу эх орноо хамгаалах бэлтгэлтэй болгох, цэргийн анхан шатны мэдлэг эзэмшүүлэх зорилгоор сургалтыг явуулж байна. 


Цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэх, мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хааж болдог. Хугацаат цэргийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн цэргийн алба хаагаагүй иргэн цэргийн албыг биеэр хаагаагүйн төлөө мөнгөн төлбөрийн хэлбэрээр цэргийн дүйцүүлэх албыг орлуулан хаадаг. Дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр орлуулан хаах, эсхүл төлбөрөөс чөлөөлөх үндэслэлийг сум, хорооны Засаг дарга, тухайн иргэний ажиллаж байгаа байгууллагын тодорхойлолт, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх, гэрлэлтийн бүртгэл, нийгмийн халамжийн дэвтэр, эмнэлгийн магадлагааг үндэслэн цэрэг татлагын товчооноос иргэн бүрээр гаргаж, аймаг, дүүргийн Цэргийн штабт саналаа оруулсны дараа Засаг дарга эцсийн шийдвэрийг гаргана. 


Цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах мөнгөний хэмжээг хугацаат цэргийн алба хаагчийн хангамж, үйлчилгээний тухайн жилийн дундаж зардлаар тооцож Засгийн газар жил бүр тогтоодог юм. 

相关新闻