Завханы Сонгино суманд зам дагаж хөгжил иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завханы
Сонгино сумынхан гарын доорх материал ашиглаж нийтийн эзэмшлийн зам талбай, албан
байгууллага бүр үүдэндээ хогийн сав байршуулж хогоо ангилан ялгадаг болсон сайн
жишээ байна.
Тухайлбал, Сонгино сумын Соёлын төв гэхэд тамхи татах цэг, тамхины хогийн савыг байгалийн
чулуу ашиглан хийжээ. Мөн албан байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайдаа
хуванцар сав, хуучин угаалгын машин ашиглаж хогийн сав байршуулжээ. Тус сум
нийтийн их цэвэрлэгээг сард хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд сумынхаа хогийн
нэгдсэн цэгийг ландшафтын аргаар дарж булах ажлыг жилд гурван удаа улирлын
чанартай зохион байгуулдаг аж. Тус сум нийтийн эзэмшлийн зам
талбайн хогийн савныхаа тоог энэ жил 30-аар нэмжээ.
Мөн айл өрх, албан байгууллага
бүр хогоо ангилан ялгаж хаядаг дадалтай болжээ. Манай сум 1561 хүн амтай, 447
өрхтэй. Засмал замаар Улаанбаатар хоттой бүрэн холбогдсон. Увс, Улаанбаатарыг
холбосон хатуу хучилттай зам дайран өнгөрдөг болохоор хөгжил дэвшил хурдацтай
байна. Учир нь иргэн бүр жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхийг хүсэж, нийтийн
үйлчилгээний газруудын тоо нэмэгдэж байна. Мөн зах зээл дээрх бараа
бүтээгдэхүүн хямд, чанартай, сонголт ихтэй болж байгаа. Манай суманд тохилог
буудал, шатахуун түгээх газрууд гэхэд сонголт их бий. Малчид маань малын
гаралтай сүү цагаан идээгээ савлаж борлуулдаг болсон байна хэмээн сумын
ЗДТГ-аас дуулгав.
Сонгино сумын сургуулийн барилгыг 2020 онд барина
Сонгино суманд
2019-2020 онд Эрүүл мэндийн төв, Зэвсэгт хүчний 274-р ангийн офицер ажилчдын
байр шинээр ашиглалтад оржээ.
Мөн 100 сая төгрөгийн өртөгтэй хүүхэд
залуучуудад зориулсан тоглоомын талбайтай болсон байна. Сонгино суманд 2020 онд улсын төсвийн гурван тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ерөнхий
боловсролын сургуулийн 320 хүүхдийн хичээлийн байр, спорт заалны
барилгын ажил хийнэ. Мөн Онцгой байдлын газрын харьяа “Аврах
бүлэг”-ийн байр ашиглалтад орно. Ерөнхий боловсролын сургуулийн 80 жилийн ой
болох тул хандив тусламжаар сургуулийн барилгын их засварыг хийх, тоног төхөөрөмжөөр хангах зэрэг олон ажлыг төлөвлөөд байгаа.
Улирал бүр иргэдээ эрүүл мэндийн нэгдсэн
үзлэгт хамруулдаг
Сонгино сум
өнгөрсөн жилийг “Эрүүл мэнд”-ийг дэмжих жил болгон зарлаж багагүй ажлыг
амжуулжээ.
Тухайлбал, нийгмийн
эрүүл мэндийн асуудалд түлхүү анхаарч, аливаа өвчин эмгэгээс урьдчилан
сэргийлэх, орон нутгийн иргэдийг дасгал хөдөлгөөнд идэвхтэй хамруулж хөдөөгийн
багийн иргэдийг улирал бүр нэгдсэн үзлэг оношилгоонд хамруулж хэвшсэн байна. Сумын
хэмжээнд сар бүрийн дөрөв дэх долоо хоногийн баасан гарагийг “Эрүүл мэндийн
өдөр” болгожээ. Ингэснээр албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэн бүрд
халдварт бус өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх сургалт, зөвлөгөөг өгч нэгдсэн
үзлэг оношилгоог нээлттэй явуулдаг болжээ. Харин сумын Эрүүл мэндийн төвийн
шинэ барилга ашиглалтад орсноор сумын иргэд тохь тухтай орчинд эмнэлгийн
тусламж үйлчилгээг авдаг болжээ.
Мөн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн
удирдлага, гишүүдтэй хамтран сайн үйлсийн аян зохион байгуулж эмнэлэгтээ тоног
төхөөрөмж авч өгчээ. Энэ аянаар 120 гаруй сая төгрөгийн төсөвт өртөг бүхий
хамгийн сүүлийн үеийн шинэ техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, шинэ
эмнэлэгт эд хогшил авах зэргээр тохилог орчин бүрдүүлжээ. Харин энэ жил эмч
мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг нэмэх, сургалтад хамруулах, ажлын
хариуцлага, харилцаа хандлага, ёс зүйтэй баг хамт олон болох зорилтод дэмжлэг
үзүүлэн ажиллаж буй тухайгаа Сонгино сумын Засаг дарга М.Баттөмөр дуулгав.
Увс Тосонцэнгэлийн замыг
дагаж хөгжиж буй сум
Завханы Сонгино
сумыг Тосонцэнгэл Увс чиглэлийн авто зам дайран өнгөрдөг.
Энэхүү авто зам нийт 11 метрийн өргөнтэй, найман метрийн өргөн асфальт бетонон хучилттай. Хоёр талдаа тус бүр 0.5 метрийн өргөн бэхэлгээтэй, ус зайлуулах 180 хоолой, гурван гүүртэй гуравдугаар зэрэглэлийн зам юм. Хэвтээ, босоо радиус, үзэгдэх орчин, эргэц, хөндлөн болон дагуу налуу, ус зайлуулах байгууламж, замын тэмдэг, тэмдэглэгээг стандартын дагуу чанартай хийсэн зам ажээ.
Энэ зам ашиглалтад
орсноор Завханы хойд бүсийн сумд Улаанбаатар хоттой хатуу хучилттай
автозамаар бүрэн холбогдсон ажээ. Сонгино сум зам дагуу газар олголтод ямар
бодлого барих, иргэд, худалдаа үйлчилгээний цэг салбаруудаа яаж хөгжүүлэх
талаарх оновчтой бодлого хэрэгжүүлэхээр иргэдээсээ санал авч байгаа. Мөн нутгаа
гэсэн сэтгэлтэй бизнесмений 30 орчим сая төгрөгийн дэмжлэгтэйгээр хүүхдийн
цэцэрлэгийн хуучин барилгыг их засварт оруулсан байгаа.
Өнөөдрийн байдлаар төрийн
таван байгууллага, Харилцаа холбооны салбар, ХААН банк зэрэг
байгууллага нэгдсэн дулааны сүлжээнд холбогдоод байгаа. Энэхүү нэгдсэн халаалтыг холбосноор
иргэд маань худалдаа үйлчилгээний салбарыг өргөжүүлж олон иргэн ажлын байраар
хангагдах нөхцөл бүрдлээ хэмээн Сонгино сумын ЗДТГ-аас мэдээлэв. Нэмж дуулгахад, Сонгино сумын удирдлагууд Увс Тосонцэнгэлийн чиглэлийн Замын гүйцэтгэгч компанитай
зөвшилцсөнөөр тус компанийн хөрөнгөөр сумын төв хүртэл нэг километр орчим
замыг ашиглалтад оруулжээ.
2020
онд 77 сая төгрөгөөр бүтээн байгуулалт хийнэ
Сонгино сум орон нутгийн хөгжлийн
сангийн хөрөнгөөр хийх ажлуудаа журмын дагуу иргэдээсээ санал авч
шийдвэрлэжээ.
2020 онд 77 орчим сая төгрөгийн
хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, хүн амын ундны усны худагт ухаалаг төхөөрөмж
тавих. Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн байр, спорт заалны дээврийг шинэчлэх.
Соёлын төвийн барилгын их засвар хийх, төвлөрсөн хогийн цэгийн талбайг торлох.
Гудамж талбайн хаягжуулалт, нийтийн эзэмшлийн зам засварыг хийх. Хөдөөгийн
багуудад мал угаалгын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг ажлыг хийхээр болсон.
Мөн сум хөгжүүлэх сангийн зээлийн эргэн төлөлтөөс 2019 онд нийт долоон ажлын
байранд 57 сая төгрөгийн зээлийг олгоод байгаа. Орон нутгийн хөгжлийн сангийн
хөрөнгө оруулалтад иргэд ч хяналтаа тавьж, хөрөнгө оруулалт, зарцуулалтаа зөв хийсний
үр дүнд урамшуулал авч байгааг нэмж мэдээлэв.
Ажил
хайж буй иргэдээ зуучилж ажлын байраар хангаж байна
Сонгино сум хөрөнгө оруулалт бүтээн
байгуулалтын ажлуудыг дэмжсэнээр сүүлийн гурван жилийн хугацаанд 112 иргэнийг
түр болон байнгын ажлын байраар хангажээ.
Суманд ажил хайж байгаа иргэд түр ажлын байрны нэг өдрийн цалин 20 мянган төгрөг байна. Ер нь хөдөө орон нутагт түр ажлын байрууд элбэг шүү дээ. Нэн ялангуяа мал аж ахуйн салбарт түр ажлын байрууд нэлээдгүй байдаг. Гэхдээ бид ажлын байр хайж буй иргэдээ бүртгэлжүүлж, зохион байгуулалтад оруулж зуучлах ажлыг хийж байгаа. 2019 онд гэхэд зуучлалаар 60 гаруй иргэнийг түр ажлын байраар хангаад байгаа.
Хэрэглэгч аймгаас
үйлдвэрлэгч аймагт шилжих зорилтын хүрээнд аймгаас арьс шир, нэхий элдэх тоног
төхөөрөмжийг хүлээн авч суманд 10 хүний ажлын байрыг нэмсэн байгаа. Мөн зөвлөх
үйлчилгээний багаас сургалт, зөвлөгөө авч гурван ажилтныг бэлтгээд байна.
Цаашид арьс шир, нэхий эдлэлийн үйлдвэрлэлээ түшиглэн оёдлын тасаг, цех ажиллуулах
төлөвлөгөөтэй байна. Манай сумын брэнд “Нутгийн хишиг” цайны үйлдвэрлэл,
“Монгол гутал”-ын үйлдвэрлэлүүд юм. Хөрш аймаг, сумдаас иргэдийн
захиалгын дагуу дээрх үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнүүд борлуулалт сайтай байдаг
хэмээн Сонгино сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв.