Эх баригчид энэ оны 295 дахь хүүхдээ өнөөдөр өлгийдөн авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬӨнөөдөр Олон улсын эх баригчдын өдөр тохиож байна. Энэ өдөр Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн эх баригчид энэ оны 295 дахь хүүхдээ эх барьж, өлгийдөн авчээ.
Дундговь аймгийн 15 сумын Эрүүл мэндийн төв болон аймгийн Нэгдсэн эмнэлэгт нийт 22 эх баригч хөдөлмөрлөж байна. Цөөхүүлээ хэдий ч тэд жилдээ 900-1100 хүүхэд эх барьж, олон арван гэр бүлд аз жаргал нэмдэг.
Энэ он гарсаар аймгийн Нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн эх баригчид гэхэд 295 хүүхэд шинээр өлгийдөн авсан амжилтаар Олон улсын эх баригчдын өдөртэй золгож байна. 295 дахь хүүхэд нь өнөө өглөө 10 цаг 44 минутад мэндэлж, 4 кг жинтэй хүүг тэргүүлэх зэргийн эх баригч Ц.Ашнаа эх барьжээ.
Цаг наргүй үргэлжлэх ариун үйлстэй эх баригчиддаа өнөөдөр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Энхсайхан мэндчилгээ дэвшүүлж, Монгол Улсынхаа шинэ иргэнийг тосон авдаг хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлст нь амжилт хүслээ.
Т. Отгонтуяа