"The Hu" хамтлаг онлайн тоглолт хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "The Hu" хамтлаг "COVID-19" халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссын үйл ажиллагааг дэмжиж хандивын тоглолт хийх болсноо мэдэгджээ.
Тэд цахим тоглолт хийх зөвшөөрлөө гадаадын гэрээт компаниасаа авсан байна. Одоогоор хамтлагийн бүрэлдэхүүн "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх тусгаарлалтад байгаа юм. Хамтлагийн залуус 5 дугаар сарын 3-нд Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн. Тэд шинэ төрлийн коронавирусний хоригоос болоод эх орондоо ирж чадалгүй Австрали улсад хоёр сар орчим саатаад байсан юм. Тусгаарлалтын 21 хоногийн хугацааг гүйцээгээд тоглолтын бэлтгэлдээ гарах аж.