Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн угсаатны зүйн судалгааны өвийг дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-24 18:11:46

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, Төрийн шагналт, Ардын зураач, угсаатны зүйч Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан “Амар аясгалан” уран бүтээлийн үзэсгэлэнг Уран зургийн галерейд өнөөдөр нээлээ.


Монголын уран зургийн хөгжилд гүн ул мөр үлдээсэн зураачийн ур ухаан, өв уламжлалыг олон нийтэд таниулах зорилготой тус үзэсгэлэнд Монголын уран зургийн галерейн сан хөмрөг болон Ү.Ядамсүрэн сангийн архивт хадгалж буй ховор бүтээлүүд, шашны зан үйл болон угсаатны зүйн судалгааны ажлууд мөн зураачийн эдэлж хэрэглэж байсан хувийн эд зүйлсийн 80 гаруй бүтээлийг дэлгэн үзүүлжээ.


Ү.Ядамсүрэнгийн нэрэмжит Дүрслэх урлаг, дизайны “Анима” сургуулийн захирал, зураач Я.Булган ярихдаа, “Манай аавын уран бүтээлд монгол зураг, зээгт наамал, угсаатны зүйн судалгаа чухал байр суурь эзэлдэг. Үзэсгэлэнд галерейн сан хөмрөгт хадгалж, өмнө нь олон нийтэд дэлгэж байгаагүй 17 бүтээлийг үзүүлж байна. Мөн гэр бүл, үр хүүхдийнх нь хадгалж байсан бүтээлүүд, хувцас хэрэглэл, хувийн эд зүйлс багтсан. Үүнээс гадна түүний угсаатны зүйн судалгааны таван цомгийн эх бүтээл, гар зураг, эскиз, “Өвгөн хуурч”-ийн анхны ноорог зэрэг ховор үзмэрүүдийг анх удаа олонд дэлгэлээ. Үзэсгэлэнгийн гол зорилго нь Ядамсүрэнгийн угсаатны зүйч, судлаачийн өвийг онцлон харуулахад оршиж байна. Энэ үзэсгэлэнгээр бид агуу зураачийнхаа уран бүтээлийг олон нийтэд дахин таниулж, түүний үлдээсэн өв соёлыг шинэ үеийнхэн ойлгож, судлах боломж бүрдүүлж байна" гэв.


Ташрамд дурдахад, “Амар аясгалан” хэмээн нэрлэсэн нь Амар өнө мөнхийн сүнсний амирлангуй хийгээд аясгалан дагшин байгаль, өнгө будаг, хөг аялгуу, амь амьсгал бүгдийн төгс зохилдол гэсэн утгатай ажээ.


Тус үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ. 























相关新闻