Тайванийн “Да дун уран бүтээлийн үзэсгэлэн”-гийн II шатанд Монголын уран бүтээлчид шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-05-29 10:00:51

Н.Мөнхбат “Цэнхэр дурдан алчуур” гуаш, даавуун бүтээлийн төрөл


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тайванийн Тайжун хотод энэ жил 25 дахь удаагаа зохион байгуулсан “Дадун уран бүтээлийн үзэсгэлэн”-гийн хоёрдугаар шатанд Монгол уран бүтээлчдийн бүтээл шүүгчдээс дахин өндөр үнэлгээ авч Н.Мөнхбат, Б. Лувсанпэрэнлэй (гуаш, даавуун бүтээлийн төрөлд), Т.Даваасамбуу (уран баримлын төрөлд) нарын  бүтээл шалгарлаа. 

 

Тайванийн Засгийн газраас зохион байгуулдаг олон улсын чанартай тус үзэсгэлэнд энэ удаад дэлхийн 25 улс орон, бүс нутгийн уран бүтээлчид нийт 1328 бүтээл ирүүлжээ. Монгол Улсаас 16 бүтээл амжилттай бүртгүүлсэн байна. Эхний шатны шалгаруулалтад нийт 204 шилдэг бүтээлийг шалгаруулснаас Монгол Улсаас 3 бүтээл дараагийн шатанд оролцох эрхтэй болжээ. Дараагийн шатны шалгаруулалтыг 6 дугаар сарын 23-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.


Монгол дахь Тайванийн Төлөөлөгчийн газрын төлөөлөгч, хатагтай Грэйс. Ж. Р. Лүө хэлэхдээ, “Халдварт өвчин дэгдсэн ч Монголоос оролцож буй уран бүтээлчдийн тоо өндөр хэвээр байна. Сүүлийн жилүүдэд Төлөөлөгчийн газраас өргөн хүрээнд сурталчилсны үрээр олон монгол уран бүтээлчид “Да дун уран бүтээлийн үзэсгэлэн”-гийн талаар мэддэг болсон” хэмээв. Мөн тэрбээр Монголын бүтээлүүд Да дун уран бүтээлийн үзэсгэлэнг улам олон талт, олон улсын шинжтэй болгож буйд талархал илэрхийлээд дээрх гурван уран бүтээлчдэд өндөр амжилт үзүүлэхийг хүсэн ерөөсөн юм. 


      Б. Лувсанпэрэнлэй “Шуурга” гуаш, даавуун бүтээлийн төрөл


  Т.Даваасамбуу “Уул мэт, үүл мэт, ус мэт” уран баримлын төрөл

相关新闻