Д.Эрдэнэбат: Дотоодын үйлдвэрлэлийн идэвхжлийг сайжруулахад анхаарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-24 17:58:32

“Сайдын цаг” уулзалтын өнөөдрийн дугаарт Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцлоо.

Тэрбээр 6 сарын өмнө “Сайдын цаг” уулзалтад оролцож байсан, товчдоо бол өнгөрсөн хагас жилийн хугацаанд УИХ-аар батлуулсан хууль тогтоомж, бодлогын шинэчлэл, түүний хэрэгжилт, ойрын хугацаанд хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар хэвлэлийнхэнд мэдээлсэн юм. Өнгөрсөн хугацаанд тус салбараас дотоодын үйлдвэрлэлийн идэвхжлийг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллажээ. Үүний тулд олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр яригдаж буй хэлэлцээг амжилттай үргэлжүүлэх шаардлагыг биелүүлж ажилласан байна. Тухайлбал, Япон Улстай хийсэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг  талууд ёсчлон баталсан явдал гэдгийг сайд Д.Эрдэнэбат онцоллоо. Одоогоор манай талаас гаалийн зарим тариф болон онцгой албан татварын хуульд өөрчлөлт оруулж, Дэлхийн худалдааны байгууллагын шаардлагад нийцүүлснээр чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжих боломж бүрдэх гэнэ.

Түүнээс гадна ОХУ, БНХАУ-тай хийж буй эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээгээ эрчимжүүлж ирсэн байна. Ийнхүү хөрш орнуудтай эдийн засаг, худалдааны түвшинд хамтарч ажилласнаар манай улс импортын хараат бүтээгдэхүүн, үүн дотроо бензин шатахуун, хар төмөрлөг, зэс хайлуулж цэвэршүүлэх үйлдвэрлэлийг бий болгох нөхцөл бүрдэж байгааг салбарын сайд хэллээ.  

Тэрбээр, “Өнөөдөр говийн бүсэд 1 сая хүртэл тонн хүчин чадалтай бензин шатахууны цогцолбор байгуулах үйлдвэрийн асуудал яригдаж байна. Мөн зүүн бүсэд 300 мянга хүртэл тоннын хүчин чадалтай нефть боловсруулах үйлдвэрийн сонгон шалгаруулалтын ажил явагдаж дууслаа. Энэ ондоо багтаж нефть боловсруулах үйлдвэрийнхээ урьдчилсан ТЭЗҮ, сонгон шалгаруулалтыг хийж дуусгаад, он гарангуут нефть боловсруулах  үйлдвэрийг барих хөрөнгө оруулагчийг сонгох шалгаруулах сонгон шалгаруулалт руу шилжих бололцоо үүсч байна. Энэ ажлыг хийхийн тулд хамгийн гол нь хоёр хөрштэйгээ ойлголцох, торгоны замын хөтөлбөрт нэгдэн орох, эдийн засгийн коридорын хөтөлбөрт эдгээр асуудлаа суулгаж, хамтын ажиллагааны хүрээнд барьж байгуулах явдал юм.

Зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг Засгийн газрын хуралдаанаас Бор-Өндөрт барихаар шийдвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар зэс хайлуулах үйлдвэрийн төслийн нэгж байгуулагдаад ажиллагаандаа ороод явж байна. Бүх газруудаас санал авч судалгаа хийн урьдчилсан ТЭЗҮ-ээ гаргахаар ажиллаж байна. Энэ ажил графикийн дагуу явбал он гарангуут зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагчийг шалгаруулж, ирэх хавар гэхэд энэ ажил цэгцрээд явах төлөвтэй байна.

Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэг анхаарал татаж байгаа асуудал бол аравдугаар сард болох Монгол-Германы хамтарсан ажлын хэсгийн хуралдаан юм. Ингэхдээ Германы хувийн хэвшлийг Монголын боловсруулах үйлдвэрлэл рүү хандуулах, Германы тоног төхөөрөмжийг Монголд нутагшуулах,  Германы хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх боломжийг судлая гэдэг дээр санал солилцож байна. Ирэх сард болох хуралдаанаар эцэслэн шийднэ.

Үүн дотроо нүүрснээс шингэн түлш гаргах төслийн санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд Германы талтай хамтрах, мөн Цагаан суваргын ордыг үндэсний компани хэрэгжүүлэх боломжийг олгоё гэдэг дээр УИХ, Засгийн газрын байр суурь гарсан тул Германы технологийг оруулж ирж, Европт зэсийн баяжмал экпортлох нөхцөл бололцоог үүсгэхээр ажиллаж байна.

Өөр нэг компани Германы технологиор Монголд моторын тос үйлдвэрлэх үйлдвэр байгуулах саналаа өгсөн. Нэг их том биш боловч Европ стандартын үйлдвэрийг нь байгуулах нь эдийн засгийн хувьд үр ашигтай тусна” гэлээ.

Уулзалтын үеэр салбарын сайд олон улсын зах зээлийн нөхцөл байдалтай уялдаж манай улсын эдийн засаг хүндэрсэн. Улстөрчид энэ байдлыг ашиглан оноо авах байдлаар ажиллаж болохгүй гэдгийг сануулав.

Б.Туул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻
注释