“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” шоуны алдартнууд маргааш Улаанбаатарт газардана

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-05-22 20:57:27

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолтод оролцох уран гулгагчид маргааш “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардана.

 

Тус багт Олимпын хошой мөнгө, дэлхийн хошой аварга, Европын хошой аварга Евгения Медведева, Олимпын аварга, дэлхийн дөрвөн удаагийн аварга, Европын гурван удаагийн аварга Алексей Ягудин, дэлхийн аварга, Европын аварга, Бүх Оросын аварга Елизавета Туктамышева, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, европын аварга Виктория Синицина, Никита Кацалапов, Олимпын мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт Александр Энберт нарын тив, дэлхийд алдартнууд багтаж буй.

 

Тэд “Степп Арена” цогцолборт энэ сарын 24, 25-нд шилдгийн шилдэг үзүүлбэрээ толилуулах юм. Мөн тоглолтод Монгол, ОХУ, Гүрж, Беларусийн залуу тамирчид оролцоно. Манай улсад гэхэд мэргэжлийн түвшинд хичээллэж байгаа гурван уран гулгагч бий.

 

Уг шоунд “Никитон” хамтлагийн ахлагч, дуучин Б.Батчулуун дэлхийн хоёр удаагийн аварга Евгени Медведиватай, “Номин талст”-ын А.Хаянхярваа хосын төрлийн алдарт гулгагч Никита Кацалапов, Виктория Синицина нартай хамтарсан үзүүлбэр толилуулахаар бэлтгэж байгаа аж.

 

Манай улс олон улсын стандартад нийцсэн мөсөн өргөөг 2021 онд нээснээс хойш хүүхэд залуус уран гулгалтын спортоор эрчимтэй хичээллэх болсон. Монголдоо анхных болох “Тал нутгийн мөсөн шоу” 2023 онд “Степп Арена“ ордонд болж байв. Шоуг Монголын тэшүүрийн холбооноос Японы тэшүүрийн холбоотой хамтран Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байсан юм. Түүнчлэн мөн оны тавдугаар сард “Уран гулгалтын одод Монголд” тоглолтод ОХУ-ын уран гулгалтын шилдэг 17 тамирчин хүрэлцэн ирж, оролцсон юм.

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” гурав дахь удаагийн шоу тоглолтын тасалбарыг Ticket.mn сайтаар худалдаж буй юм.

 

相关新闻