Ачаа ба шуудангийн аюулгүй байдлыг хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМАзи, Номхон далайн орнуудын Нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр/CASP-AP/-ийн хүрээнд ИНЕГ-тай хамтран зохион байгуулж буй “Ачаа ба шуудангийн аюулгүй байдал” сэдэвт семинар Улаанбаатар хотноо эхэллээ.
Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн Конвенцийн Хавсралтад орсон ачаа, шуудангийн аюулгүй байдлыг хангахтай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх дүрэм, журам, зохицуулалтуудыг танилцуулах, иргэний нисэхийн эсрэг заналхийллийн шинж чанар, зохицуулалттай ачаа шуудангийн байгууллагын гэрчилгээжүүлэлт, агаарын ачааны аюулгүй байдлыг хангах гинжин холбоо, оролцогч байгууллагуудын үүрэг, ачаа шуудангийн аюулгүй байдлын хяналт, сэжигтэй ачаа шуудангийн эсрэг авах хариу арга хэмжээний талаар мэдээлэл өгөхөд энэхүү семинарын гол зорилго оршиж байгаа юм.
Энэ сарын 09-13-ны өдрүүдэд болох тус сургалтыг CASP-AP хөтөлбөрийн зохицуулагч Kyal Barter, сургагч ажилтан Piengtep Yapan нар удирдан явуулж байна. Сургалтад ИНЕГ, “Чингис хаан” ОУНБ, “МИАТ” ХК, “Аэромонголиа” ХХК, “Хүннү Эйр” ХХК-ийн холбогдох ажилтнууд болон Филиппин улсын ИНЕГ-ын төлөөлөгчид оролцож байна.
Ч.Ариунболд