Японы буцалтгүй тусламжаар 750 сая иенийн тоног төхөөрөмж гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭЯпон Улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжаар нийлүүлсэн тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-д өнөөдөр хүлээлгэн өглөө.
Японы шинэ дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд нийт 750 сая иенийн өртөг бүхий 22 нэр төрлийн 279 ширхэг тоног төхөөрөмж, түргэн тусламжийн авто машиныг ЭХЭМҮТ, Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газарт нийлүүлжээ.
ЭХЭМҮТ-д хүүхэд, нярай, насанд хүрэгсдийн амьсгалын аппарат, хяналтын монитор, төвлөрсөн хяналтын систем, унтуулгын аппарат, суурин зураг авах, харалт хийх рентген аппаратын иж бүрдлийг ашиглалтад оруулаад байгаа аж.
Тус төвийн ерөнхий захирал Ш.Энхтөр хэлэхдээ, “Юуны өмнө Японы ард түмэн Монголын ард түмэнд асар их тусламж дэмжлэг үзүүлж ирснийг онцлон хэлмээр байна. Манай төвд 2015 оны 10 дугаар сараас эхлэн 7 нэр төрлийн 53 нэгж эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулахын тоног төхөөрөмжийг суурилуулж ашиглаж эхлээд байна. Монгол Улс Мянганы хөгжлийн зорилтыг амжилттай хэрэгжүүлсэн 9 орны нэг болсон. Японы түвшинд хүртэл эх, хүүхдийн эндэгдлийг бууруулахын тулд асар их хөдөлмөрлөх шаардлагатай. Бид эдгээр тоног төхөөрөмжийг үр бүтээлтэй ашиглан, эх, хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалах, эндэгдлийг бууруулахад бүх хүчээ дайчлан ажиллах болно” гэв.
Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү хэлэхдээ, “Сүүлийн жилүүдэд Монголын эх, хүүхдийн эндэгдлийн түвшин буурч байгаа хэдий ч Япон улсаас 10 дахин их хэвээр байна. Энэ нөхцөл байдлыг сайжруулах зорилгоор Япон улсын Засгийн газар Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг хүлээн авч японы өндөр чанартай эмнэлгийн тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Эдгээр тоног төхөөрөмжийг нийлүүлснээр Монголын эх, хүүхдийн эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулахад хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Манай улсын Засгийн газар энэ удаагийн тоног төхөөрөмжөөс гадна Япон-Монголын сургалтын эмнэлэг барьж байгуулах төсөл, ЖАЙКА-гийн техникийн хамтын ажиллагаа зэрэг эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээний салбарт тал бүрийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн. Эдгээр хамтын ажиллагаагаар дамжуулан Монголын эрүүл мэндийн түвшин дээшилж, Монголын ард түмэн аюулгүй, өндөр чанартай эрүүл мэндийн эмчилгээ, үйлчилгээг хүртээсэй хэмээн чин сэтгэлээсээ хүсч байна” гэв.
Энэхүү ёслолд ЭМСЯ-ны Төринй нарийн бичгийн дарга С.Ламбаа болон Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрын удирдлагууд оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ