Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн цолыг ахиулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдыг сэргээшийн төрлийн бодис хэрэглэснийг тогтоосон БНСУ-ын лабораторийн шинжилгээний хариуг үндэслэлтэй гэж үзсэн талаар Захиргааны хэргийн шүүх өнөөдөр мэдээлэв.
Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал танилцуулсан юм.
Шүүхийн шийдвэрээр, Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах, Э.Оюунболдод өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.4.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж шүүх үзсэн болно.
Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй аж.
Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн. Хэргийн оролцогчдын хүсэлтээр шүүх хуралдаан товлох урьдчилсан хэлэлцүүлэг 3 удаа, шүүх хуралдаан 2 удаа хойшилсон.