“Дэлхийн хүүхдийн хөлбөмбөгийн өдөр” тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-аас залуучуудыг спортод татан оролцуулах зорилгоор “Дэлхийн хүүхдийн хөлбөмбөгийн өдөр”-ийг жил бүрийн 6 дугаар сарын 19-нд зохион байгуулах болжээ.
НҮБ-ын Хүүхдийн сан /ЮНИСЕФ/, FIFA-гийн хооронд 2001 онд хүүхдийн идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамирыг дэмжин жил бүр энэ баярыг улсын хэмжээнд тэмдэглэж байх гэрээнд гарын үсэг зурсан байна. Энэ өдөр дэлхийн улс орнууд, тэр дундаа ОХУ-д хүүхдийн хөлбөмбөгийн багуудын оролцоотой спортын олон тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтжээ.
Хөлбөмбөгийн спортын олон улсад түгэн дэлгэрсэн алдар, цуутай байдгийн нууц нь энгийн бөгөөд олон талтай юм. Бүх улс орон, ард түмний сая сая хүүхдүүд арьсны өнгө, нийгмийн харьцаанаас үл хамааран спортын талбай, цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөг тоглож, хөлбөмбөгийн баг хөгжөөн дэмжигчид болон ивээн тэтгэгч компаниуд нь тэдэнтэй нэгдэж чадсан нь энэ спортын гайхамшигт онцлог нь билээ.
Монгол хүүхдүүд багаасаа л хөлбөмбөг өшиглөн тоглож өсдөг болохоор хөлбөмбөгт маш дуртай. Тиймээс ч Монголын хөлбөмбөгийн холбооноос энэ спортоор хичээллэх сонирхолтой хүүхдүүдийг клубт хамруулж тэдний ур чадварыг ахиулж, урам зориг өгөх маш олон тэмцээнийг сургууль, дүүрэг, аймаг, хот, орон нутгийн хэмжээнд тогтмол зохион байгуулж байна.
Тухайлбал, Монголд хүүхдийг бага наснаас хөлбөмбөгийн спортоор хичээллүүлдэг “Дэрэн” клуб 2008 онд байгуулагдах үед Яармагийн дэнжийн 20 хүүхэд анх элсэн оржээ. Харин одоо тус клубт 600 гаруй тоглогч бүртгэлтэй болсон бөгөөд тогтмол хичээллэж байгаа 200 гаруй хүүхэдтэй юм байна. Дэрэн клубт 12 жилийн тэртээ анх орж байсан 20 хүүхэд өнөөдөр 20 нас хүрсэн үндэсний лигт тоглодог шилдэг тамирчид болсон байна.