Маргааш орчин үеийн олимпын хөдөлгөөний түүхт 126 жилийн ой тохионо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-06-22 11:57:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Орчин үеийн олимпын хөдөлгөөн үүсэж хөгжсөний түүхт 126 жилийн ой 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдөр тохиож байна.


Монголын үндэсний олимпын хороо/МҮОХ/-ноос “Олимпын өдөр”-ийн хүрээнд олимпын аваргатай цахимаар уулзах уулзалт, олимпын наадмын тухай нэн сонирхолтой мэдээллүүдийг хүүхэд залуус, олон нийтэд хүргэх цахим орчны олон уулзалтыг зохион байгуулна. Олимпын их гэр бүлийн гишүүд, спорт сонирхогчид, болон хүүхэд, залуусыг энэхүү цахим уулзалтад өргөнөөр оролцохыг МҮОХ-ноос уриалж байгаа юм.


Ташрамд сонирхуулахад, орчин үеийн анхдугаар олимпын наадам Грек улсын нийслэл Афин хотноо 1896 оны дөрөвдүгээр сард зохион байгуулсан талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.


Орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Барон хэргэмт Пьер де Кубертин хэмээх хүний санаачилгаар 1894 онд Олон улсын олимпын анхдугаар чуулган Парис хотноо зохион байгуулагджээ. Энэ чуулганаас олимпын анхдугаар наадмыг 1896 онд Афин хотноо зохион явуулахаар шийдвэрлэсэн байна. Уг шийдвэр Грекийн хүн амын олонхийн дэмжлэгийг авсан ч, Грекийн засгийн газар, Афин хотын захиргаа: “Спортын барилга байгууламж, хөрөнгө санхүүгийн боломж муутай” зэрэг шалтгаанаар нааштай хариу өгөөгүй юм байна.



Энэ байдал нь Пьер де Кубертинийг “Олимпийн анхдугаар наадмыг нутаг дэвсгэр дээрээ зохион байгуулна уу” гэсэн захиаг Унгарын Засгийн газарт бичихэд хүргэж байжээ.


Олимпын наадмын талаар янз бүрийн саналтай улс орнууд, тухайн үеийн улс төрийн харилцааны бүх талыг зохицуулж, Зуны олимпын анхдугаар наадмыг олимпын өлгий нутаг Грекийн Афинд зохион байгуулж чадсан нь Барон Пьер де Кубертинийн онцгой гавъяа гэж үздэг. Улмаар Афин хотын цэнгэлдэх хүрээлэнд 80 мянган үзэгчид, хөгжөөн дэмжигчид хуран цугларч 1896 оны 4 дүгээр сарын 6-нд Грекийн хаан, Орчин үеийн олимпын хөдөлгөөний хамгийн чухал үйл явдлын эхлэл болсон Зуны олимпын анхдугаар наадам нээснийг зарласан түүхтэй. Харин 80 мянган үзэгч, хөгжөөн дэмжигчид цугларсан олимпын наадам, 1932 оны Лос-Анжелесийн олимпын наадмыг хүртэл давтагдаагүй юм байна.


Анхдугаар наадамд дэлхийн 13 орны 311 тамирчин, 9 спортын 44 төрөл, зайд 132 медалийн төлөө өрсөлдөн олимпын аваргуудаа шалгаруулж байжээ. Зөвхөн эрчүүдийн дунд зохион байгуулсан олимпын наадмын уралдаан, тэмцээнд гимнастик, хөнгөн атлетик, сонгомол бөх, дугуй, буудлага, усанд сэлэлт, теннис, хүндийн өргөлт, туялзуур жадны спортын төрлүүд багтсан байна.



Грекийн Афин хотноо “Гантиган” цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийсэн орчин үеийн олимпын анхны наадамд Австрали, Австри, АНУ, Болгар, Герман, Грек, Дани, Их британи, Унгар, Франц, Чили, Швейцари, Швед улсын баг тамирчид олимпын анхны аваргуудын төлөө өрсөлджээ. Энэхүү анхдугаар олимпын наадмын хамгийн олон медалийг Грекийн тамирчид авч тэргүүлсэн юм байна.

相关新闻