Монголоос олимпын наадамд хүчээ сорьсон 10 гаруй иргэн АНУ-д амьдарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олон улсын олимпын өдөр"-ийг тохиолдуулан олимпын наадмуудад хүчээ сорьсон АНУ-д өдгөө ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын алдартнуудыг танилцуулж байна.
Спорт-олимпизмын түүхэнд хамгийн олон удаа буюу 8 удаа зун, өвлийн олимпын наадмыг зохион байгуулсан /“Лос-Анжелес-2028” нэмэгдэнэ/ Америк орноос Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга асан Ж.Отгонцагаан "Олон улсын олимпын өдөр"-ийн 126 жилийн ойн баярын мэндийг монголчууддаа хүргэхийн зэрэгцээ энэхүү мэдээллийг илгээжээ.
Өдгөө АНУ-д ажиллаж, амьдарч Монголоор овоглосон олимпын медальтнуудаас: Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ний мөнгөн медальт, мэргэжлийн боксчин Н.Төгсцогт Лас-Вегаст амьдарч байгаа бөгөөд “Лондон-2012” мөнгөн медаль, Гавьяат тамирчин С.Ням~Очир /Жүдо, Даллас/ “Лондон-2012” хүрэл медаль, Г.Эрдэнэболд /Гимнастик, Фейрфакс/ “Сингапур-2010” Залуучуудын олимпоос алтан медаль тус тус хүртсэн юм.
Олимпод оролцсон тамирчид: Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цогтжаргал /Бокс, Чикаго/ “Барселона-1992”
ДАШТ-ний хүрэл медальт, Б.Жавхлантөгс /Чөлөөт бөх, Сан-Карлос/ “Сөүл-1988” &
“Барселона-1992”, С.Оюунцэцэг /Байт харваа , Оакланд/ “Сөүл~1988”,
Л.Сэргэлэнбаатар /Чөлөөт , Вашингтон/ “Атланта-1996”, П.Лхамдэгд /Жүдо, Даллас/
“Бээжин-2008”, “Лондон-2012”, Т.Зүүнбаян /Чөлөөт, Чикаго/ “Сидней-2000”,
Д.Сүлдбаяр /Жүдо, Вашингтон/ “Афин-2004”,Ц.Ганболд /Дугуй, Сиэттл /Барселона-1992/
дасгалжуулагч нар АНУ-д байгаа хэмээн дурджээ.
Олимп овогт Жүгдэрийн Отгонцагаан өөрийн пэйж хуудсаараа: “Хөх тэнгэрийн зарлигаар Америк орныг "дайлаар мордон", өдгөө Сэм авгын өргөн дэлгэр нутгийг Сан-Францискогоос Вашингтон, Сан-Диегогоос Сиэттл хүртэл эрхшээн эзэгнэсэн эгэл жирийн сонирхогчоос авхуулаад эрхэс од тамирчин, дасгалжуулагч, зүтгэлтэн, гал халуун үзэгч, гандан бууршгүй дэмжигч хөх толбот монголчууд та нартаа Олимпын баярын оргил мэндийг онцгойлон дэвшүүлье” гэжээ.
Ташрамд сонирхуулахад, Ж.Отгонцагааны хувьд Монголын үндэсний олимпын хорооны албан ёсны төлөөлөгчөөр Зун, Өвөл, Залуучуудын 15 удаагийн олимпын наадамд Монгол Улсынхаа үндэсний шигшээ багтай хамт оролцсон юм.