Б.Эрдэнэбатын шүүх хурлыг энэ сарын 24-нд товлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга ажилтай Б.Эрдэнэбатад холбогдох хэргийн шүүх хурлыг энэ сарын 24-нд 13.30 цагт товлосныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээлэв.
Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах, тус хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар мөнгө угаах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. Харин “Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар залилах, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар мөнгө угаах хэрэгт яллах дүгнэлт үйлджээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авжээ.