Экологийн цагдаагийн алба аялагчдад аяллын 10 дүрмийг танилцуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-07-17 20:21:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба “Явлаа, ирлээ, цэвэр” аяны хүрээнд иргэд рүү чиглэсэн ээлжит нөлөөллийн ажлыг нийслэлийн Баянзүрхийн товчоонд өнөөдөр зохион байгуулав.

БОАЖЯ дэмжиж,  “MCS”, “UNITEL” групп хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн үйл ажиллагаа нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар болон дотоодын аялагчдад “Аяллын алтан дүрэм”-ийг танилцуулж, хогоо ил хаяхгүй байхыг уриалж хогийн уут тараав.


Энэ жил "COVID-19"-ын цар тахлын халдварын улмаас иргэд гадагшаа аялах боломжгүй болсон. Харин дотоодын аялал жуулчлал тасралтгүй нэмэгдэж байна. БОАЖЯ-аас гаргасан судалгаагаар одоогийн байдлаар 1 сая гаруй хүн дотоодод аялж байна. Иргэд аялал зугаалгаар явахдаа ил гал гаргаж, түүнийгээ унтраагаагүйгээс ой хээрийн түймэр гарч байна. Мөн өдөрт 1 хүн дунджаар 1.7-2.8 кг хог хаягдал гаргаж байгаа нь зуны улиралд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрэхэд нөлөөлдөг аж.


Тухайлбал, нийлэг сав  хөрсөнд 300-400 жил задардагүй. Мөн хадгийг нийлэг материалаар хийдэг бөгөөд иргэд аялал зугаалгаар явахдаа шашны зан үйл хийхдээ мод болон байгалын дурсгалт газарт хадгийг уясан нь ажиглагддаг. Хадаг нь байгальд 30-40 жил задардаггүй ба модны бодисын солилцоог удаашруулах, биологийн төрөл зүйл болох мэрэгч амьтад хадагнд  орооцолдож эндэх сөрөг нөлөөтэй аж. Маш энгийн хэрэг боловч ан амьтан байгаль орчинд асар их сөрөг нөлөө үзүүлж байгаа учир “Явлаа, ирлээ, цэвэр” аяны хүрээнд иргэдийн хандлагыг өөрчилж, хариуцлагатай аялахыг сануулж буйг Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Анура хэллээ. Түүнээс аяны талаар тодруулав.


-Аяны хамрах хүрээ ямар түвшинд хүрээд байна вэ?

-Манай алба БОАЖЯ-тай хамтран энэ сард “Байгаль энэ тэргүүнд” гэсэн дотоодын аялагчидад чиглэсэн нөлөөллийн ажлыг хийж байна. Дотоодын аялал жуулчлалын үеэр үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, байгальд ээлтэй аяллыг иргэдэд ойлгуулах боломжит бүхий л ажлыг өрнүүлж байгаа. Аян эхэлснээс хойш Хүй долоон худаг, 22-ын товчоо, мөн өнөөдөр Баянзүрхийн товчоонд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн замд аялагчдын дунд биелүүлвэл зохих 10 дүрмийг сурталчилж байна. Мөн олон нийтийн сүлжээгээр зураг, дүрс бичлэгээр анхааруулга сэрэмжлүүлэг хүргэж байна. Баяр наадмын өдрүүд, 7 дугаар сарын 11-12-нд товчоодуудад хариуцлагатай аяллын талаар сурталчилж, аялагч бүрт халаасны хогийн уут, хогийн гялгар уут тараасан.


-Аялалын алтан дүрэмд юу юу багтаж байна вэ?

-Нэгүгээрт, иргэд аяллаа сайтар төлөвлөх хэрэгтэй. Энэ нь аялагчид бүх төрлийн аюул ослоос урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Хоёрдугаарт, ан амьтан үргээхгүй байх. Энэ нь хориотой ангийн мах худалдаж авахгүй, ан амьтны амьдрах орчинд аюул учруулахгүй байх юм. Гуравдугаарт, амарсан газраа хог хаяхгүй байхыг уриалж байгаа бөгөөд  аялагчдын хамгийн их гаргадаг зөрчил нь хог хаягдлыг байгальд ил задгай хаядаг байдал юм. Тиймээс хогоо заавал авч явахыг уриалж байна.

Дөрөвдүгээрт, тухайн газар нутгийнхаа нэн ховор ургамалыг түүж, тасдаж хаясан зөрчлүүд илэрч байгаа учраас аялж зугаалж байгаа газрынхаа ургамал, модонд ээлтэй хандах нь зөв. Тавдугаарт, хөрсийг гэмтээхгүй байхын тулд шинэ зам гаргахгүй байхыг зөвлөж байна. Зургаадугаарт, бурууг шаардан зогсоох гэдэг нь хүрээлэн буй орчны эсрэг аливаа сөрөг үйлдэл гаргаж байгаа иргэний үйлдлийг таслан зогсоох буюу иргэн бүр байгаль хамгаалагч байна гэсэн ухагдахууныг оруулж өгсөн.

Долоодугаарт, ус, галын аюулаас сэрэмжлэх. Сүүлийн үед усархаг аадар бороо орсны улмаас орон нутгийн зам эвдэрч, гол үеэрлэж гүүр нурсан. Аюулгүй байдлын үүднээс үерлэсэн гол, нуур руу орохгүй байх, галын аюулаас сэрэмжлэхийн тулд анхаарах хэрэгтэй. Ил гал хэрвээ гаргасан бол галаа бүрэн гүйцэд унтраах хэрэгтэй. Мөн ил задгай хаясан шилнээс шалтгаалж ой түймэр гардаг. Ямар нэгэн хог хаягдал шил байгальд үлдээхгүй байх.

Наймдугаарт, бусдын амгалан тайван байдлыг алдагдахгүй байх, мөн түүх болон байгалийн дурсгалт газарт хүндэтгэлтэй хандах юм. Есдүгээрт, булаг шанд, гол горхи, нуур цөөрмийн усанд хир буртгаа угаахгүй байх, Аравдугаарт нь, ан амьтны амьдрах орчныг бусниулж, сүйтгэхгүй, үүр оромжоос нь үргээхгүй байх дүрмийг иргэдэд сануулж байна.


-Аяны талаар иргэд ямар сэтгэгдэлтэй байна вэ?

-Манай албаны цахим хаяг 24 цаг нээлттэй байдаг. Иргэдээс тус цахим хаягаар машиныхаа ард талд хогийн ууттай явах, амарсан газрынхаа хогийг буцаагаад аваад явж байгаагаа баримтжуулсан зургаа явуулж байна. Нэг бодит жишээ нь, Булган аймгийн нэг сумын наадмын талбайд хогийн цэг байгуулж хөрс хамгаалсан. Мөн автомашины клубууд манай аялал зугаалгын уриалгыг дэмжин машины илүү дугуй дээрээ, эко уутандаа хогоо хийж авч явж байгаа зургаа илгээсэн.  “LEXUS”, “HUYNDAI” зэрэг автомашины клубууд нэгдэн уриалгыг маань цааш түгээхэд туслаж байна. “Дэлхийгээр аялагчид” 600 орчим дагагчдтай фэйсбүүк групп манай аянтай холбоотой, хариуцлагатай аялагчдын дүрмээ биелүүлэн, хогоо аваад явлаа гэдэг утга агуулгатай зургууд ирүүлсэн. Мөн олны танил эрхмүүд аяныг дэмжиж байна.

-Зөрчил гаргасан иргэн, ААН-д ямар шийтгэл ногдуулж байгаа вэ?

-Дотоодын аялагчдын хамгийн их гаргадаг зөрчил бол хог хаягдал.  Туул, Сэлбэ, Улиастай голын ойр орчимд усны сав газрын дагуу амарч байгаа амрагчдыг өдөр бүр хянаж шалгаж байгаа. Шалгалтаар хог хаягдлаа ил задгай хаясан, машинаа голд угааж байгаа зөрчил илэрч байна. Зөрчил гаргасан иргэнийг 100 мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг 1 сая төгрөгөөр торгох хуулийн заалт байгаа.

Хүн бүр мэддэг мөртлөө олон жилийн турш хэрэгжүүлээгүй ирсэн өнөөх л хог хаягдлын асуудал.  Татсан тамхины иш, хаясан ширхэг чихрийн цаасханаас болж  бага багаар эх орны үзэсгэлэнт байгалийн дурсгалт газар, ой мод бохирдож,  биологийн төрөл зүйл цөөрч, ан амьтад амьдрах орчингүй болсоор байна. Хандлагаа өөрчилж, хариуцлагатай аялах цаг иржээ. 


-БОАЖЯ-ны Туул голын захиргааны хэлтсийн мэргэжилтэн И.Наранчимэг: Туул голын захиргааны хэлтэс, Экологийн цагдаагийн албатай хамтарч “Ирлээ, Явлаа, Цэвэр” аяныг зохион явуулж байна. Туул  голын дагуу аялж, амарч байгаа аялагчдад хогоо хаяхгүй авч явах мөн  гол нуурууд үерлэсэн байгаа үерийн аюулаас сэрэмжлүүлэх зөвлөмж өгч байгаа. БОАЖЯ болон MCS компани өрсөндөө 100 хувь шингэх эко тор хийж өгсөн. Үүнийг аялагч нартаа түгээж, хогоо ил задгай хаяхгүй, байгальдаа үлдээхгүй байхыг уриалж байна. Усны сан бүхий газарт хог хаявал Зөрчлийн тухай хуулиар иргэн 1000 нэгж, ААН 10000 нэгжээр торгуулах байгаа” гэв.


-БОАЖЯ-ны Туул гол хариуцсан захиргааны хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Иргэд аж ахуй нэгжид хяналт шалгалт хийж явахдаа юуг чухалчилж байгаа вэ?

-Экологийн цагдаагийн албанаас санаачилсан энэхүү аянд манай байгууллага энэ оны эхэнд хамтарч ажиллах болж, санамж бичиг байгуулсан. ААН-үүдэд болон барилгын хог хаягдалд мөн машин тэргээ голын ойр орчимд угаасан иргэдэд торгууль оногдуулж байгаа. Харин хог хаягдалд торгууль оногдуулах гэхэд “Биднийг ирэхэд л байсан” гэж тайлбар хэлдэг. Тиймээс одоогоор анхааруулж, санамж бичиг өгөөд хог хаягдлаа цэвэрлээд явахыг сануулж байна. 

-Голын хамгаалалтын бүсэд эргүүл шалгалт хийхэд ямар зөрчил гарч байна вэ?

-Удирдамжийн хүрээнд эргүүл, шалгалт хийхэд Бетон зуурмагийн үйлдвэрээс 3-4 машин голын хамгаалалтын бүсэд зуурмагийн хаягдал болон үлдэгдэлээ асгасан зөрчил гарсныг баримтжуулан Экологийн цагдаагийн албанд өгсөн. Мөн хамгаалалтын бүсэд машинаа угаасан зөрчил энэ зургаадугаар сард 4 гарсныг Зөрчлийн тухай хуулийн 7.15-аар арга хэмжээ авсан. Мөн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглагч ААН-д шалгалт хийх явцдаа ус ашиглалтын зөвшөөрөл, гэрээ болон нөөц ашиглалтын төлбөрөө төлсөн эсэхэд хяналт тавьж байгаа. Цаг үеийн асуудлаас шалтгаалж ААН-үүдэд торгууль ноогдуулахаас  илүү анхааруулга сэрэмжлүүлэг хийх үүрэг чиглэлийн дагуу хугацаатай албан бичиг өгөөд явж байна. Энэ албан бичгийн дагуу энэ намар гүйцэтгэлийн шалгалтаар явна. Түүгээр биелэлт гараагүй байвал баримтжуулан холбогдох газарт нь шилжүүлнэ.

-Иргэдэд хандаж хэлэх үг байна уу?

- Ер нь иргэн, ААН-ээс цугларсан татварын мөнгөөр л хог хаягдлыг тээвэрлэх зардлыг гаргаж байгаа. Үүний оронд илүү хэрэгтэй зүйлд цаг, мөнгөө зарцуулах хэрэгтэй гэж бодож байна. Амарч зугаалж байгаа бол идсэн чихрийн цаас, татсан тамхины иш ч хог хаягдал учраас ил задгай хаялгүй аваад явж хэвшмээр байна.


-Улаанбаатар хотоос Увс аймаг руу зорчиж яваа иргэн Э.Батхүү: Байгальд ээлтэй аялал нь миний бодлоор хогоо ил задгай хаяхгүй байхыг хэлэх байх.  Гэвч аялал зугаалгаар явахад хогийн сав ховор байдаг. Хогоо машиндаа хадгалаад явах ч хэцүү. Ойр ойрхон хогийн савтай бол зүгээр болов уу. Жолооч нарыг цэвэрхэн, соёлтой аялахыг уриалж байна. Цонхоороо хогоо хаяж болохгүй шүү гэж хэлмээр байна.



相关新闻