Сэлэнгийн нутгаар 30 градус хүртэл халах төлөвтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн нийт нутгаар хуурайшилт аюултай түвшинд байна. Ирэх өдрүүдэд тухайлбал энэ сарын 15-18-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн нийт нутгаар агаартаа 15-30 хэм хүртэл халах төлөвтэй байна.
Сэлэнгэ аймгийн Хушаат, Ерөө сумдад хуурайшилт нэн аюултай түвшинд байгаа юм. Хуурайшилт аюултай түвшинд байгаа энэ үед Сэлэнгэ аймгийн УЦУОША-ны “Хурын шим” экспедицээс үүлэнд зориудаар нөлөөлж бороо оруулах үйл ажиллагааг явуулаад байгаа билээ. Тус экспедицийнхэн өнгөрсөн сарын 23, 25, 30, 5-р сарын 4-ний өдрүүдэд үүлэнд зориудаар нөлөөлж Сэлэнгэ аймгийн нийт нутгаар хур оруулсан байна. Эдгээр ажиллагаагаар нийт 21 пуужин хөөргөж ажиллажээ.
Аймгийн УЦУОША-ны ахлах менежер О.Ганбат:”Агаарын температурын хувьд 14-нөөс хойш ихэнх нутгаар нэлээд дулаарч агаартаа 25-30 хэм хүртэл халахаар төлөвтэй байгаа. Сэлэнгийн нутгаар хуурайшилт нэн аюултай түвшинд хүрээд байна. Ялангуяа Хушаат, Ерөө сумын нутгаар нэн аюултай түвшинд хүрсэн. Ирэх өдрүүдэд тухайлбал 15-ны өдрөөс халалт ихсэх учраас хуурайшилт улам нэмэгдэнэ. Ойрд орох хур тунадасны хэмжээ бараг байхгүй байна. Иймээс ард иргэд аялал зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас болгоомжлоорой. Одоогоор “Хурын шим”-ийн 2 экспедиц Орхон, Ерөөгийн чиглэлд гараад харвалт хийх үүлээ хүлээгээд байж байна. Тэнд харвалт хийх цаг агаарын үүлний нөхцөл хараахан бүрдээгүй хүлээлтийн байдалд байна” хэмээн ярилаа.
Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг