Л.Мөнхтүшиг: Чех улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг бүртгэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын 27 дугаар хуралдаанаар, наймдугаар сард найман чиглэлд 14 тусгай нислэгээр 3460 иргэнээ татан авах төлөвлөгөө баталсан тухай өнөөдрийн УОК-ын шуурхай штабын хэвлэлийн хурлын үеэр ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг мэдээлэв.
Дээрх тусгай нислэг дотор Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын шугамаар Чех улсад байгаа нутаг буцах хүсэлтэй иргэдийг хүргэж ирэх Чех улсын агаарын тээврийн онгоц багтаж байгааг тэрээр мэдээлэлдээ тэмдэглэв. Тус онгоц 170 хүний суудалтай бөгөөд одоогоор 100 гаруй иргэн нутаг буцах хүсэлтээ ирүүлжээ. Тиймээс Чех улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдийг нэмж бүртгэж байгааг онцлов. Тэдгээр иргэдийн нисэх онгоцны тийз, тусгаарлагдах байрны зардлыг Чех улсын Засгийн газраас гаргаж байгаа юм.
УОК-ын шийдвэрээр, долоодугаар сард нийт 14 тусгай нислэгээр иргэдээ татан авсан бөгөөд наймдугаар сард ч энэ тоог хадгалахын сацуу тусгаарлах байрны нөөц боломжийг судалж нэмэлт нислэг хөөргөх эсэхийг УОК-т дахин танилцуулна хэмээн ГХЯ-ны консулын газрын захирал Л.Мөнхтүшиг тэмдэглэв. Тухайлбал, АНУ, БНКУ руу нэмж дөрвөн нислэг хөөргөх боломжийг судалж байгааг дурдлаа.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар дэлхийн 40 улс орноос 15 мянга гаруй иргэнээ татан авчээ. Одоогоор, 51 улс орноос 12 мянга 236 иргэн нутаг буцах хүсэлтээ УОК-т ирүүлсэн байна.
Наймдугаар сард үйлдэх тусгай нислэгийн хуваарь:
- Наймдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 05-нд Сиатл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 06-нд Шинэ Дели-Улаанбаатар
- Наймдугаар сарын 07-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 08-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 10-нд Прага-Улаанбаатар
- Наймдугаар сарын 14-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 15-нд Сөүл -Улаанбаатар/транзит
- Наймдугаар сарын 20-нд Истанбул-Улаанбаатар
- Наймдугаар сарын 21-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 22-нд Сөүл-Улаанбаатар
- Наймдугаар сарын 24-нд Токио-Улаанбаатар
- Наймдугаар сарын 26-нд Франкфурт-Улаанбаатар
- Наймдугаар сарын 27-нд Сидней-Улаанбаатар