Коронавирусээр халдварласан гурван энхийг сахиулагч эдгэрлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Афганистанд алба хааж байсан гурван энхийг сахиулагч эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжсэнийг өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.
Ингэснээр манай улсад коронавирусний халдварын батлагдсан
298 тохиолдол бүртгэгдсэний 281 нь эдгэрчээ. ХӨСҮТ-д одоогоор коронавируст
халдвартай 17 хүн эмчлүүлж байгаагаас 2 хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь
хөнгөн байна. Мөн тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэй амаржиж 2 кг 800 гр
охин төрүүлжээ.
Түүнчлэн сувиллын ажиглалтад 52, гэрийн ажиглалтад 14 хүн
байгаа бол 215 хүний ажиглалт тандалтын
хугацаа дуусжээ.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймаг дахь лабораторид өчигдөр
нийт 750 сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ.
Өчигдрийн шинжилгээнд 7 дугаар сарын 29-нд Сөүлээс ирсэн
156, 7 дугаар сарын 30-нд Сиднейгээс ирсэн 78, 8 дугаар сарын 9-нд Франкфуртаас
ирсэн 253, Орхон аймаг болон Улаанбаатар хотод ажиглах байранд ажиллаж буй 27
эмч, оюутнуудын давтан шинжилгээ болон сувиллын ажиглалтад байгаа 47 хүний давтан
шинжилгээ багтжээ. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг, тандалтын зорилгоор Хан-Уул
дүүргийн нэгдсэн эмнэлэг, Баянзүрх дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвөөс цуглуулсан 12, тусгаарлан ажиглах байранд
байгаа 8, Орхон аймагт тусгаарлагдсан 77, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 58,
Алтанбулагийн боомтоор орж ирсэн 22 жолооч, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт
тусгаарлагдсан 2, мөн тус аймгийн тусгаарлан ажиглах байранд тусгаарлагдсан 2,
Баруунхараад тусгаарлагдсан 7 хүний давтан шинжилгээ халдваргүй гарчээ.
С.Туул