Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
boloroo8136@gmail.com
2020-08-22 09:47:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэх ёслол өчигдөр “Их тэнгэр” цогцолборт боллоо.

Ёслолд Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Зөвлөх Ж.Отгонцагаан, Монголын шатрын холбоо /МШХ/-ны Ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ дахь шатрын спортыг дэмжих лобби бүлгийн дарга Б.Саранчимэг, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, Дэд дарга Ц.Одонбаяр, МШХ-ны удирдлагууд оролцож баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэн, амжилт хүсэв.

Монголын баг тамирчид Дэлхийн шатрын олимпиадад 1955 оноос хойш тасралтгүй оролцож, одоогоор чансаагаараа дэлхийд 25, Ази тивд 4 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Энэ жилийн Дэлхийн шатрын олимпиадыг цар тахлын улмаас анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулж буй бөгөөд дэлхийн 163 улс оролцож байгаагаас Монгол Улс эхний 25 улсын тэргүүн хэсэгт шалгарч нийт 12 тамирчин өрсөлдөх юм.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах Дэлхийн шатрын холбоонд илгээсэн захидалдаа, тус олимпиад нь спорт-олимпизмын үнэт зүйлс цар тахлын үед үргэлжлэн дэлгэрэх илрэл мөн хэмээн онцолсон байна.

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

1-3 дугаар өрөг:
8 сарын 21-ний өдрийн 16:00-19:00 цагт

4-6 дугаар өрөг:
8 сарын 22-ны өдрийн 16:00-19:00 цагт

7-9 дүгээр өрөг:
8 сарын 23-ны өдрийн 16:00-19:00 цагт тус тус болно.

ABChess шууд дамжуулалтын фейсбүүк хуудас өдөр бүр Монголын баг, тамирчдын mоглолтыг www.chess.com платформтай хамтран албан ёсны эрхтэйгээр ДШХМ Б.Ану, СМ Б.Галмандах нарын тайлбартайгаар шууд дамжуулан хүргэнэ. 


相关新闻