Дахин төлөвлөлтийн хүрээнд 168 айлын орон сууц ашиглалтад оров
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМГэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд барьсан 168 айлын орон сууцны барилгын нээлт өнөөдөр болов.
Одоогоос 3 жилийн өмнө гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд энэхүү хорооллын суурийг анх тавьж байжээ. Энэ хугацаанд “Гангар инвест” компанийнхан дулааны шугам сүлжээ, цахилгаан, цэвэр бохир усны дэд бүтэц гээд бүх асуудлыг иж бүрнээр нь шийдвэрлэсэн байна. Цаашид НЗДТГ-аас нийгмийн дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгнө гэдгийг НИТХ-ын дарга Д.Баттулга нээлтийн үеэр онцлов.
Тэрбээр, “Оршин суугчдад нэн тэргүүнд автозамын асуудал тулгарч байгаа. Тийм учраас хамгийн ойрын төв замаас энэ орон сууц хүртэлх автозамыг яаралтай сайжруулах болно. Бидний ажлыг дэмжиж газраа чөлөөлж өгсөн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны иргэд болон барилгыг барьж гүйцэтгэсэн “Гангар инвест” компанийнханд нийслэлийн талархал илэрхийлье” хэмээв.
2013 онд “Гангар инвэст” компани уг газарт амьдарч байсан 50 айлын газрыг чөлөөлж, 168 айлын орон сууцыг ашиглалтад оруулжээ. Дээрх газарт оршин сууж байсан 50 өрхийг өнөөдөр орон сууцанд оруулах болж, түлхүүр гардуулав. Цаашид уг төслийн хүрээнд 5102 айлын 69 орон сууцны барилга, үйлчилгээ соёр амралтын цогцолбор байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Орон сууцны хорооллыг дагаад автобусны буудал, сургууль, цэцэрлэгийг шийвдэрлэхээр холбогдох байгууллагууд ажиллаж байгаа аж.
Орон сууцны нээлтийн ёслолд, НИТХ-ын дарга Д.Баттулга, УИХ-ын даргын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх Г.Байгальмаа, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт хөрөнгө оруулалт хариуцсан орлогч С.Очирбат, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, “Гангар инвест” компанийн ерөнхий захирал Ж.Энхтөр болон бусад албаны хүмүүс оролцож тууз хайчиллаа.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ