“KING TUG” Н.Төгсцогт чансааны манлайд бичигджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимп, дэлхийн мөнгөн медальт, мэргэжлийн боксчин “KING TUG” Нямбаярын Төгсцогт 2020 оны есдүгээр сарын 19-нд Мексикийн “Zurdito” /Солгой/ хочит Эдуардо Рамирес хэмээх боксчинтой 12 раунд тулалдахаар болсон байна.
Коннектикут мужийн Анкасвилль хотын “Mohegan Sun Casino& Hotel” цогцолборын 12000 хүний суудалтай “Mohegan Sun Arena” ордонд тулаан болно хэмээн АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг/ мэдээлсэн бөгөөд уг тулаанд хэн ялсан нь дэлхийн аварга цолын төлөө тулалдах эрхтэй болох юм байна.
Н.Төгсцогт 2019 онд мэргэжлийн боксын IBO
/International boxing
organization/ холбооны 57,2 кг жингийн Дэлхийн аварга болж, 2020 оны хоёрдугаар
сард WBC /World boxing council/ холбооны 57,2 кг жинд Дэлхийн аварга цол,
бүсийн төлөө тулалдаж, оноогоор ялагдсан юм.
WBC өнгөрсөн баасан
гарагт /2020.08.21/ боксчдын шинэ чансааг зарласан бөгөөд featherweight буюу
57,2 кг жингийн чансааг манай Н.Төгсцогт манлайлж, нэгдүгээрт бичигджээ.
Түүнтэй өрсөлдөх Э.Рамирес дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн байна.
Энэ жинд WBC-ийн чансааг тэргүүлж
байсан АНУ-ын Жесси Магдалено WBO холбооны мөн жингийн номер нэг Мексикийн
Эманэуль Навареттетэй WBO-ийн аваргын төлөө тулалдахаар болсон, WBC холбооны
чансааны хоёрт бичигдэж байсан Их Британы
Кид Гэлэхэд IFB холбооны чансаанд нэгдүгээрт бичигдэж, тулааны товоо
гаргаагүйн улмаас “KING TUG” ийнхүү шинэ чансааг тэргүүлжээ.
Н.Төгсцогт, Э.Рамиресийг энэ тулаанд ялбал, 2020 оны хоёрдугаар сард оноогоор ялагдсан “Бага” Гэри Рассельтай дахин дэлхийн аварга цол, бүсний төлөө тулалдаж, “даагаа нэхэх” боломж гарах юм.
Ц.Энхтүвшингийн
мэдээлснээр, уг жинд дэлхийн аваргын цол, бүсийг эзэмшиж буй АНУ-ын Гэри Рассель дараагийн тулаанаа WBO холбооны 66,7 кг жингийн
Дэлхийн аварга, WBA, WBO, IBF, WBC гээд дөрвөн том холбооны гурван өөр жинд
зургаан удаа дэлхийн аварга болж байв. Тэрбээр мэргэжлийн рингэнд 36 тулаан
хийхдээ ялагдаж үзээгүй яваа АНУ-ын Теренс Кроуфордтой тулалдахаар санал хүргүүлсэн
тухай сураг байгаа бөгөөд энэ үнэн бол WBC дүрэм ёсоор 57,2 кг жинд дэлхийн аваргын суудал “эзгүйрэх”
магадлалтай. Иймд Н.Төгсцогт нэг тулалдаад л дэлхийн аварга болох боломжтой. Ойрын
хугацаанд энэ асуудал тодорхой болох биз. Харин “KING TUG” энэ бүхэнд анхаарал
хандуулалгүй, үйл явдал яаж ч өрнөсөн ирэх тулаанд Э.Рамиресийг заавал ялах
хэрэгтэй юм байна.