Хэнтий, Хөвсгөл аймгуудыг аялал жуулчлалын тогтвортой төв болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-09-01 12:25:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад 2019-2024 онд хэрэгжүүлэх Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл танилцлаа. 

Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр аялал жуулчлалын салбарыг тодорхойлж, Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төв, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын төв байхаар тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас Тогтвортой аялал жуулчлалын төслийг дээрх хоёр аймагт АХБ-ны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм.

Төсөл хэрэгжсэнээр тусгай хамгаалалттай газар нутагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх манай улсын үндсэн загвар бий болох, мөн байгаль хамгаалал, аялал жуулчлал, эдийн засгийг тухайн орон нутагт цогцоороо шийдэгдэх боломж бүрдэх юм. 

Энэ ажлын хүрээнд хоёр аймагт байгалийн болон түүхийн дурсгалт газруудыг холбосон авто зам, жуулчдын мэдээллийн төв, төлбөр хураах болон шалган нэвтрүүлэх цэг, олон байршилд жуулчдын авто зогсоол баригдахаас гадна аялал жуулчлалын дэд бүтцийг цогцоор нь хөгжүүлэх юм. Өнгөрсөн оноос эхэлсэн төслийн ажил өнөөдрийн байдлаар 17.8 хувьтай төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.


БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл төсөлтэй танилцах үеэр хэлэхдээ, аялал жуулчлал бол Монгол Улсыг хөгжүүлэх гол хөшүүргийн нэг. Манай орныг зорих гадны жуулчдын тоог нэг саяд хүргэх, мөн эдийн засгийн 7-9 хувийг аялал жуулчлал дангаараа бүрдүүлдэг болгох том зорилтыг бид тавьсан. 

Үүний эхлэл нь Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл гэж харж байна. Энэ төслийн жишгээр манай улсын аялал жуулчлалын үндсэн загвар бий болно. Тиймээс төслийн багийнхан энэ үүргээ ухамсарлаж нэгж хэсэг бүрт анхаарал хандуулж сайн ажиллахыг хүсэж байна” гэв.


相关新闻