“Хангарьд” клуб хожигдсон ч тэргүүллээ хадгалсаар байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн холбооны Үндэсний Дээд лигийн 13 дугаар тойргийн тоглолт амралтын өдрүүдэд явагдаж, лигийн шилдэг хоёр багийн тоглолтод “Хаан хүнс-Эрчим”-ийн С.Гал-Эрдэнэ 70 дахь минутад гоол оруулж “Хангарьд”-ыг буулгаж авлаа.
“Хангарьд” клуб энэ тулаанд хожигдсон ч тэргүүлэгчийн байр сууриа хэвээр хадгалж үлдэв. “СП Фалконс” “Андууд Сити”-г 8:2-оор бут ниргэсэн тоглолтод “Фалконс”-ын М.Жансерик гурав, М.Төгөлдөр хоёр гоол нэмэрлэжээ. “Атлетик 220” лигийн аваргын төлөө өрсөлдөөнд яваа гэдгээ нотлон “Улаанбаатар Сити”-г 3:0-ээр хожсон байна.
“Улаанбаатар” баг “УБ-ын Мазаалайнууд”-ыг 6:1-ээр хожиход Б.Балжинням тоглолтын төгсгөлд буюу 72, 75, 84 дэх минутанд гурван удаа өрсөлдөгч багийн хаалгыг мялаав. Энэ тойрогт хет-трик толилуулсан гурав дахь хөлбөмбөгчин бол “Дэрэн”-гийн О.Мөнх-Оргил байв. Тэрбээр “Сумида-Жипро”-г 5:0-ээр хожиход гол үүргийг гүйцэтгэн гурван гоолын эзэн болсон юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны Дээд лигийн 14 болон 15 дугаар тойргийн тоглолт энэ долоо хоногт явагдана.