Хүчирхийлэл үйлдэж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь өрх толгойлсон байсан аж
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймгийн Цагдаагийн газар 24 багийн 2400 өрхөд гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн судалгаа хийхэд 950 айлд хүчирхийлэл гарах эрсдэлтэй хэмээн үзжээ.
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард тус аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 24 бүртгэгдсэн бол энэ онд 22 гарчээ. Хүчирхийлэл үйлдэж буй хүмүүсийн 95 хувь буюу 564 нь эрэгтэй, зургаан хувь буюу 33 нь эмэгтэйчүүд байсан ажээ. Ер нь хүчирхийлэл үйлдэж буй эмэгтэйчүүдийн дийлэнх нь өрх толгойлсон байдаг гэнэ. Тэд үр хүүхдээ үл хайхрах, сэтгэл санааны дарамтад оруулах зэргээр хүчирхийлдэг байна. Мөн хүчирхийлэгчдийн дийлэнх нь ажилгүй байдаг гэнэ. Түүнээс гадна “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажилладаг зарим хүн гэр бүлээ эдийн засгаар нь хүчирхийлдэг байна. Иймд Цагдаагийн газар цаашид үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд 2400 өрхөд тандалт судалгаа хийсэн нь энэ ажээ. Ер нь аливаа улс орон хүчирхийллийн эсрэг тэмцэхдээ нэгд, боловсролын системдээ тусгай хичээлийн хөтөлбөр оруулах, хоёрт, хууль, эрх зүйн орчноо сайжруулах, гуравт, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход улсын төсвөөс хөрөнгө баталдаг байна. Энэ жишгийг манай улс хэрэгжүүлэх хэрэгтэй гэж хуулийн байгууллагынхан хэлж байна.
Б.Оюун-Эрдэнэ