Хөвсгөл аймаг, Буриадын Ахын аймгийн хооронд аялал жуулчлал хөгжүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн ИТХ-аас хил залгаа орших ОХУ-ын Буриад улсын Тункин, Ахын аймгуудын нутгийн өөрөө удирдах байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах зорилгоор өнгөрсөн хоёр сард Ахын аймагт хамтарсан зөвлөлгөөн зохион байгуулж байсан бол үргэлжлэл болгон энэ удаад Хөвсгөл аймагт зохион байгууллаа.
Өнгөрсөн оноос ОХУ, Монгол Улсын хооронд харилцан визгүй зорчдог болсон нь аялал жуулчлал, худалдаа наймааны бараа эргэлтийг нэмэгдүүлэхэд эерэгээр нөлөөлж байгаа бөгөөд Хөвсгөл аймагт ирсэн жуулчдыг Буриад улсаар дамжуулах, Буриад улсад ирсэн жуулчид Хөвсгөл аймагт ирдэг болох чиглэлээр харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа Ахын аймгийн удирдлагууд хэлж байлаа.
Мөн хоёр орны хооронд уламжлал болон зохион байгуулагддаг “Эв модны наадам”-аас гадна “Мөсний баяр”, “Цаатан фестиваль”, “Сарлагийн баяр” зэргийг цаашид хамтран зохион байгуулж жуулчдыг татах чиглэлээр хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Байгалийн тогтоц, боломжоос шалтгаалан Буриад улсад мал олноор нь өсгөх боломж байдаггүйгээс махны үнэ өндөр байдаг байна.
Иймд мал, малын махан бүтээгдэхүүн нийлүүлэх замаар эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, аялал жуулчлалын хамтын ажиллагааг хөгжүүлэх, харилцан ашигтай үйл ажиллагаа явуулах боломжтой гэдгээ Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Т.Болдбаатар зөвлөлгөөний үеэр онцолж байлаа.
Б.Гантуяа