ХӨВСГӨЛ: Зүүн нуурын эхийг хашиж хамгаалснаар 60 мянга гаруй толгой мал ундны усаар хангагдах боломж бүрдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Дэлгэрмөрөн, Шишгэд голын сав газар нь Хөвсгөл, Завхан аймгийн 16 сумын 43,686,3 км.кв талбайг хамруулан үйл ажиллагаа явуулж байна.
Сав газар нь голын сүлжээний нягтшил ихтэй, сав газрын 95 хувьд цэвдэг хөрс тархсан, Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эхийн 11.2 хувийг эзэлдэг, улсын болоод дэлхийн цэнгэг усны нөөцийн онцгой ач холбогдолтой газар юм.
Дэлгэрмөрөн, Шишгэд голын сав газарт Шинэ-Идэр сумын удирдлагууд болон нутгийн иргэдээс Зүүн нуурын усны түвшин сүүлийн жилүүдэд багасч байгаатай холбогдуулан тус нуурын тэжээлийн мужид хамаарах булгуудыг хашиж хамгаалах саналыг гаргасан байна.
Энэ хүрээнд Шинэ-Идэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 14 дүгээр тогтоолоор байгалийн өвөрмөц ховор тогтоц, нуурын эмзэг экосистем, ховор амьтан, ургамал бүхий хамгаалах шаардлагатай экологийн чухал ач холбогдолтой Зүүн нуур орчмын 96,602 га газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байна.
Мөн сав газрын захиргаа, сумын ЗДТГ, нутгийн иргэдтэй хамтран Зүүн нуурын тэжээлийн мужид хамрах Согтуугийн булаг, Хөөрийн булаг, Дундын булгийн тэжээлийн мужийг хамруулан хөрсөнд гэмтэл үүсгэхгүйгээр А шонг банзан холбоосоор бэхэлж 4868 м.кв талбайг хамруулан байгальд ээлтэй аргаар хашиж хамгааллаа.
Булгийн эхийг хашиж хамгаалсны дараа иргэд болон сум орон нутгийн удирдлагыг цаашид ашиглаж хамгаалах, сэргээн засварлах үйл ажиллагаанд зөвлөгөө зөвлөмж өгч Засаг даргын тамгын газар, тухайн багийн иргэн Т.Лхагва төмөр,Т.Хишигдорж, Б.Пүрэвдорж нарт хүлээлгэн өгсөн байна.
Булгийг хашиж хамгаалснаар зундаа олон төрлийн ан амьтан ундны усаар ундаалах, усны нөөц нэмэгдэх, малын хөлийн талхагдлаас сэргийлэх, байгалийн тэнцвэр эко системд эергээр нөлөөлөх боломж бүрдэж байна.
Зүүн нуурын тэжээл гол, булгуудын ундарга сайжирснаар нуурын түвшин нэмэгдэхээс гадна тухайн нуурын ойролцоо нутагладаг 100 гаруй айлын 60000 мянга гаруй тоо толгой мал ундны усаар хангагдах боломж бүрдэж байгааг малчид талархан хэллээ.
Мөн тухайн нуурын түвшин нэмэгдэж, мал хужиртай уснаас ундаалснаар малын эрүүл мэндэд эрдсийн дутагдал нөхөх, хоолны шингэц сайжруулах, дархлаа дэмжигдэх зэрэг эерэг нөлөө үзүүлэх юм.
Тус нуурт Бүрэнтогтох, Галт, Жаргалант сумдын 35000 гаруй мал оторлон ирж хужирт ордог байна.