“Намрын ногоон өдрүүд” 10 дахь жилдээ болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2015-09-26 16:02:16

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг сурталчлах, нийслэлчүүдийн хүнсний хэрэглээг нэг дороос хангах зорилготой “Намрын ногоон өдрүүд 2015” үзэсгэлэн худалдаа өнөөдөр Чингисийн талбайд эхэллээ.

Энэхүү нэгдсэн арга хэмжээг ХХААЯ-наас уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэн худалдаа нь Чингисийн талбайд энэ амралтын өдрүүдэд болж, 29-ний өдрөөс ирэх сарын 5-ныг хүртэл Мишээл экспо худалдааны төвд үргэлжлэх юм.

Үзэсгэлэн худалдаанд үндэсний тэргүүлэх хүнсний 150 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж оролцож байна. Тухайлбал,  “Мах импекс”, “Мах маркет”, “Түмэн шувуут”, “Талх чихэр”, “Траст”, “Мөнхийн болор”, “Монфрэш”, “Очир дагинас” ХХК зэрэг аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр худалдаалж байв. Энэ үеэр “Түмэн шувуут” ХХК өндгийг 200-250 төгрөгийн үнээр борлуулж байгаа нь хамгийн их дараалал үүсгэсэн байв. Үндэсний үйлдвэрийн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нэг дороос, үйлдвэрийн үнээр хүргэж байгаад иргэд ам сайтай байлаа.

Мөн энэ өдрүүдэд "Монгол хүнс-органик хүнс-2015", "Алтан намар-2015" ургацын баяр гэсэн салбар үзэсгэлэн худалдааны хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулах юм.

Маргааш Чингисийн талбайд болох албан ёсны нээлтийн үеэр аж ахуйн нэгжүүдийн хүндэтгэлийн парад, мастер тогоочдын хоолны өдөрлөг тус тус болох аж.

Ирэх сарын 5-нд Мишээл экспод “Намрын ногоон өдрүүд-2015”-ын шилдгүүдийг тодруулснаар энэ арга хэмжээ өндөрлөнө.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

 

相关新闻
注释