Хүй долоон худагт хүүхдийн баяр тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-05-19 12:57:07

“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын санаачилгаар монгол зан заншил, үндэсний наадмаа сурталчлах үүднээс Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд цаашид уламжлал болгох аж. Хүүхэд багачууд баярын өдрөө 11-19 цаг хүртэл эрүүл агаарт өнгөрүүлж, уралдаан тэмцээнд оролцон “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзнэ. 

Энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, сур харваа, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн болох юм. Мөн “Миний мэдэх Монгол наадам” гар зураг, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ гэсэн арга хэмжээ болно хэмээн зохион байгуулагчид нь хэллээ. Мөн Урлан бүтээх төвийн гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн, олон үндэстний хоол, амттаны үйлчилгээнээс гадна үлгэрийн баатруудтай дурсгалын зураг татуулах боломжтой.

 Б.Заяа

 

相关新闻