Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 17:06:24

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны 62 дугаар Ерөнхий Ассамблей Хөтөлбөрийн хорооны уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр эхэллээ.


Энэ чуулганд Японы NHK, БНХАУ-ын CGNT, БНСУ-ын KBS, Австрали, Италийн тв, БНТУ-ын TRT зэрэг 43 орны хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагын захирал, продюсер, уран бүтээлч оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна. Ази, Номхон далайн орны Өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий чуулганыг жил бүр тодорхой сэдвээр зохион байгуулдаг. Өнгөрсөн онд БНТУ-д хиймэл оюуныг өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж талаар ярилцсан бол энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” сэдвийг онцолж байна.



Энэхүү чуулганыг эх орондоо зохион байгуулах нь хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид туршлага солилцох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан эх орноо сурталчлах зэрэг олон давуу талтай. Монголын хэвлэл мэдээллийн салбарынханд гадаад харилцаагаа хөгжүүлэх таатай боломж олгож буй "ABU general assembly-2025 Ulaanbaatar" олон улсын хурлын үер зохион байгуулах “ABU дууны наадам-д Монголын “The Hu” хамтлаг, гадаадын 8 улсын уран бүтээлч оролцох аж.


Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын гзарын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр оролцож, хүн төрөлхтний түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэж, хөгжил дэвшилд хөтөлсөөр ирсэн Ази Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо нь телевиз радиогийн салбарын чиг хандлагыг тодорхойлж, олон улсын хэвлэл мэдээллийн салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлж мэдээлэх, танин мэдүүлэх, соён гэгээрүүлэх үүргээ нэр төртэй биелүүлж байгаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлсэн юм.


Тэрбээр, “Тус холбоо нь дэлхий дахины хэвлэл мэдээллийн талбарт үнэтэй байр суурь эзэлдэг. Энэ утгаараа 62 дахь чуулган эртний түүх соёлтой Монголын оронд минь хоёр дахь удаагаа, "Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд хэвлэл мэдээллийн байгуулагын үүрэг оролцоо" сэдвээр болж байгаа нь онцгой ач холбогдолтой. Аливаа улс орны үндэсний өв соёл нь хүндэтгэлийн эрхэм чанар, үнэт зүйлсийг агуулдаг төдийгүй түүнийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, харилцан суралцах үед бид ойлголцож, дотно нөхөрлөж, зэрэгцэн оршдог. Ардчилсан Монгол Улс нь хэвлэл мэдээллийн салбарыг хараат бус хөгжүүлэхэд анхаарч ирсэн. Гурван сая гаруй хүн амтай манай улсад хэвлэл мэдээллийн 389 байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагийн 83 хувь нь хувийн хэвшилд хамаарагддаг. Хэвлэл мэдээлэл, телевиз радиогийн хүртээмж нь хүний эрх эрх чөлөө, тусгаар тогтнол, оюун санааны голлох ухагдахуун юм. Тууний хараат бус байдлыг хангах нь ардчилалын зарчим гэж бид үздэг. Энэ чуулган нь дэлхийн бүхий л улс орныг үндэсний өв соёлоо хамгаалах түгээн дэлгэрүүлэхэд урьж харилцан хүндэтгэл бий болгон энх тайванд уриалж байгаад талархал илэрхийлье” хэмээв.


Ази Номхон далайн Өргөн нэвтрүүлгийн холбоог ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус, мэргэжлийн холбоо болон бүс нутагт өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд туслах үүргээр 1964 онд байгуулжээ. Одоогоор ABU нь 76 оронд 272 гишүүнтэй бөгөөд өдөр тутмын мэдээ, хамтарсан бүтээл, нэвтрүүлгийн солилцоо, техник, хууль эрх зүй, менежментийн зөвлөх, салбарын болон олон улсын хурал зэрэг үйлчилгээ эрхлэхээс гадна спортын томоохон үйл ажиллагааны эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг аж. 

相关新闻