Монгол киноны уран бүтээлчид чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-09-30 13:49:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний кино хороо /МҮКХ/ -ноос “Монголын кино урлаг 2020” анхдугаар чуулга уулзалт маргааш зохион байгуулна.

Тус чуулга уулзалтыг “Цар тахлын өмнө ба дараах Монголын кино урлаг” сэдвийн хүрээнд явуулах юм. МҮКХ нь 2017 онд үүсэн байгуулагдсан бөгөөд 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгтэй АНУ-ын Лос Анжелес хотод төвтэй Олон улсын кино хороодын ассоциацид, 2019 онд Азийн кино хороодын сүлжээнд албан ёсны гишүүнээр элсжээ.

Чуулга уулзалтаар киноны мэргэжлийн холбоод, уран бүтээлчид корона ба кино урлаг, Монголын кино урлаг олон улсын зах зээлд гарах боломж, монгол кино, кино уран бүтээлчдийн өнөөдрийн бодит нөхцөл байдал гэсэн сэдвээр үзэл бодлоо илэрхийлэх юм.


МОНЦАМЭ агентлагийн Мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр МҮКХ-ны тэргүүн, продюсер М.Оргил хэлэхдээ, “Анхдугаар чуулга уулзалтаар кино урлагийн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, дэлхий нийтийг түгшээж буй “COVID-19” халдвар Монголын кино урлагийн салбарт үзүүлж буй нөлөө, олон улсын кино салбарын хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаар хэлэлцэнэ. Мөн  Монголын коно урлагийн салбар нэгдмэл байдалд хүрлээ, Монголын кино урлагийн дэд бүтэцтэй боллоо гэдгээ тунхаглан зарлана. Цаашид нэг цонхоор бодлогоо хэрхэн хэрэгжүүлэх талаар ярилцана” хэмээв.


Ардын жүжигчин, кино найруулагч Г.Жигжидсүрэн хэлэхдээ, “Монголын кино урлагийг төлөөлсөн олон нийтийн байгууллага олон бий ч тус тусдаа бие биенээ хараад явж байгаа. Үүнийг нэгтгэх цаг болсон. Монгол Улсын Ерөнхийлөгч кино уран бүтээлчдийг хоёр ч удаа хүлээн авч уулзсан. Түүнээс хойш хагас жил өнгөрсөн ч дорвитой ажил хийсэнгүй. Монголын кино урлагийн өнөөгийн түвшин тааруу байгааг бүгд мэдэж байгаа. Манай уран бүтээлчид, кино үйлдвэр тарж алга болсноос хойш бие даасан олон продакшн бий болж чадлын хэрээр олон улсын кино наадамд оролцож байна. Үүнээс үзэхэд киноны түвшин ахиж байна. Зөвхөн ивээн тэтгэгчдийн хөрөнгөөр манай залуу уран бүтээлчид киногоо хийж байгаа. Монголын кино урлагт сох дутаж байгаа зүйл бол мэргэжлийн продюсер юм. Энэ жилийн “Улаанбаатар” олон улсын кино наадмаас үзэхэд мэргэжлийн продюсер гэж хэлж болох хэдэн залуус байгаа нь баярлуулж байна. Продюсерын алба, ажилд үндэслэж кино уран бүтээл явагддаг. Үйлдвэрлэл, уран бүтээл, зах гээл гэсэн гурван зүйл нэгдэж байж кино олон түмэнд хүрдэг. Тиймээс залуу уран бүтээлчид өөр хоорондоо нэгдэж, нэгдсэн удирдлага гарч ирж байж төрийн бодлогоор хэрэгжүүлнэ” гэв.


ГХЯ-нд маргааш болох уг чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ГХЯ, Соёлын яам, БНУУ-ын ЭСЯ, Харилцаа холбоо мэдээллийн технологийн газар, Радио телевизийн үндэсний сүлжээ УТҮГ, Монголын кино институт, Махаан пикчерс, Очир фильмс, Студикс студи зэрэг байгууллага хамтран зохион байгуулах юм.

Э.Ариунзул

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻