Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-03 16:45:29

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монголын уран зургийн өв, өнгийн сэтгэлгээ, уран сэтгэмжийг илэрхийлэх Ардын зураач Г.Одонгийн “Ажлын дараа” үзэсгэлэнг Уран зургийн галерейд өнөөдөр нээлээ.

 

Тус үзэсгэлэнд Төрийн шагналт, Ардын зураач, нэрт уран бүтээлч багш Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулан Уран зургийн галерейн сан хөмрөгийн 30 гаруй, зураачийн гэр бүлд хадгалагдаж буй 24, нийт 50 гаруй бүтээлийг дэлгээд байна.

 

Зураач Г.Одонгийн бүтээл үндэсний соёл аж байдлыг орчин үеийн урлагийн хэлбэрээр дүрслэхэд чиглэсэн. Нэгдэлч малчдын ахуй амьдралаас сэдэвлэн зурсан “Ажлын дараа” бүтээл нь түүний уран бүтээлийн онцлогийг тодорхойлдог. Энэхүү бүтээл нь хөдөө орон нутгийн амьдралыг бодитоор дүрсэлж, хадланчдын өдөр тутмын ажил тухайн үеийн нийгэм соёлын нөхцөл байдлыг харуулдаг.


1950-иад оны Социалист нийгмийн хөдөө нутгийн амьдрал, өөрчлөлт хамтын хөдөлмөрийг тухайн үеийн эгэл тариачдын дүрээр төлөөлүүлсэн уг бүтээл Монголын аж байдлын сэдэвт уран зургийн түүхэнд тодоор тэмдэглэгддэг.


Зураач хадлангийн бригадын хамт олон их ажлын дундуур түр завсарлан амарч буй агшныг сэтгэлд хоногшсон намрын өдрийн дурсамжаар бүтээхдээ өөрийн дүрийг сонин гарчиглаж буй цагаан цамцтай сэхээтэн залуугаар дүрсэлсэн байна.


Тэрбээр арав гаруй жил дүрийн судалгаа хийсэн нь реалист уран зургийн арга ажиллагаагаар дүр хоорондын драмлаг шинж, дотоод сэтгэлийн илрэл, өнгийн шийдэл, гэрэл сүүдрийн шилжилт, ерөнхийлөл зэргийг оновчтой илэрхийлснээс харагддаг. Дүрүүдийн сэтгэл хөдлөлийг нарийн уялдуулан зохиомжилсон “Ажлын дараа”  бүтээл тухайн нийгэм, улс төрийн үзэл санааны тусгал болохын зэрэгцээ соцреалист уран зургийн түүхэн үеийг бүрэн төлөөлөхүйц соёлын хосгүй үнэт өв юм. Тэрбээр уг бүтээлээрээ 1959 онд Төрийн шагнал хүртэж байжээ. 


Ойн хүрээнд Ардын зураачийн уран бүтээлийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний бага хурал зэрэг үйл ажиллагаа болж байна. Мөн их зураачийн амьдрал, уран бүтээл, дүрслэх урлагийн олон зуун багш, мэргэжлийн зураачдыг сурган хүмүүжүүлсэн их хөдөлмөр, бүтээл туурвилыг харуулсан түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнг МУБИС-ийн I байранд  маргааш нээнэ.


"Ажлын дараа" гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл үргэлжлэх юм. Уг үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийг толилуулж байна.


                                                                                                                                                                     "Ажлын дараа"

 “Муруй хад”

"Ховд нутаг" 

“Ээж хайрхан”


"Улз голын малчин"


"Хоргын тогоо"


"Хэрлэн гол"


"Манантай өглөө"

"Улаан талбай"

"Өндөр сүм"

"Архангельскийн цагаан шөнө"

"Дөрвөн үе "

"Г.Одон зураачийн цээж сийлбэр"



相关新闻