“Хуралдайн наадам-Шонхорын баяр” Чингис хааны хүрээ цогцолборт болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолбор хамтран “Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ыг 2 дахь жилдээ 10 дугаар сарын 3-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулна.
Эртний Монголын түүх, соёлтой шууд холбогддог үндэсний бахархалт шонхор
шувууны талаар олон нийтэд сурталчлан таниулах, биет бус соёлын өвийг сэргээх,
шонхрын наадгайг Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн болгох тусгай сонирхлын
аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах зорилгоор цаашид
жил бүр зохион байгуулах талаар өнөөдөр нийслэлийн Аялал жуулчлалын газраас
мэдээллээ.
“Хуралдайн Наадам-Шонхорын баяр”-ыг Монголын Шувуулахуйн холбоо, Монголын
үндэсний морьт харвааны холбоо, Монгол Тайга Нохой Судлалын Холбоо, Цагаан
Шонхор Гэрэгэ ТББ зэрэг байгууллагатай хамтран зохион байгуулах
бөгөөд тус наадмын үеэр үндэсний урлагийн их театрын уран бүтээлчдийн
тоглолт, шонхор шувуу, тайга нохой морьт харваачдын парад болох аж.
Мөн “Морьт харвааны бага ав намнаа”, “Тайга нохой-талын гөрөөчин”, “Галтай
цирк”, “Шонхор шувууны холын зай уралдаан”, “Шидлэг идлэг шонхор шувуу-өв тээгч
тэмцээн” зэрэг олон сонирхолтой үзүүлбэр, тэмцээн болно.