ШӨХТГ цахим мэдээллийн нэгдсэн сүлжээтэй боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШӨХТГ монополь, давамгай байдалтай ААН-үүдийн мэдээллийн сантай болж байна. Ингэснээр зах зээлд давамгайлж буй болон хэрэглэгчдийн эрхийг зөрчиж буй үйлдэл бүрийг бүртгэж, нэгтгэнэ.
Энэ нь улсын байцаагч, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах ажилтнууд зөрчилтэй танилцаж шийдэхэд дөхөм болох юм. Уг санг Олон улсын хөгжлийн эрхзүйн байгууллага (IDLO) дэмжин туслаж, Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр байгуулжээ. Тодруулбал, энэ хоёр байгууллага "Монгол Улсад шударга өрсөлдөөнийг дэмжих эрхзүйн шинэчлэл байгууллагын чадавхийг бэхжүүлэх" төслийг 2019-2021 онд хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд ШӨХТГ төрийн "Цахим Монгол" хөтөлбөрт нийцүүлэн үйл ажиллагаагаа цахимжуулах Мэдээллийн нэгдсэн системийн нээлт өнөөдөр "Холидэй Инн" зочид буудалд боллоо. Нээлтийн үеэр мөн ШӨХТГ-ын вэбсайт болон цахим мэдээллийн нэгдсэн системийн сургалт боллоо. Өнөөдрийн үйл явдлын талаар Олон улсын хөгжлийн эрхзүйн байгууллага (IDLO)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын хөтөлбөрийн удирдагч Д.Оюунчимэгээс тодрууллаа.
-Манай улсад шударга өрсөлдөөний мэдээллийн нэгдсэн бааз байхгүй явж иржээ. Дээрх хоёр байгууллага яагаад энэ төслийг манай улсад хэрэгжүүлэх болов?
-Монгол Улсын талаас шударга өрсөлдөөнийг зохицуулах цахим мэдээллийн нэгдсэн сантай болох талаар IDLO-д санал тавьж манай төсөл хэрэгжиж байна. Бид зөрчил арилгах, шийдэх зэрэг хэд хэдэн программ хангамжийг хийгээд байна. Одоо бол ажил хариуцсан ажилтан өөрт байгаа мэдээллийг бусад байцаагчаас авсан мэдээлэлтэй нэгтгэх үйл ажиллагааг Excel-ээр хийж байгаа. Цаашид өдөр тутмын ажиллагааг программ хангамжийг ашиглан хийж, тайлан мэдээллийг хүссэн үзүүлэлтээр яг одоо цагаар (REAL TIME) гаргах боломжтой болно.
Төслийн бас нэг чухал бүрэлдэхүүн ажил нь өрсөлдөөний нөлөөллийн стратегийн баримт бичигтэй болох явдал байгаа юм. Энэ нь Монгол Улс дахь бусад хууль, дүрэм журам, тогтоол, заалт нь өрсөлдөөнд харш, зөрчилдөхгүй байх ёстой. Ер нь бол чөлөөт зах зээлтэй оронд анхнаасаа хууль тогтоомжийг гаргахдаа өрсөлдөөнийг хааж боосон байж болохгүй юм. Ингэж байж чөлөөт зах зээлийн өрсөлдөөн бий болох юм. Өрсөлдөөний нөлөөллийн стратегийн гол зорилго энэ юм.
-Үүнийг одоо манай улсад яаж зохицуулах вэ?
-Дээрх байдлыг хангах хороо байгуулан ажиллах явдал чухал. Олон улсын жишгээр ингэж ажилладаг. Нэгэнтээ нөлөөллийн үйл ажиллагаа учир Ерөнхий сайд юм уу, Шадар сайд гэх мэт төр, засгийн өндөр албан тушаалтнаар ахлуулсан зөвлөл ажиллах учиртай. Ингэж байж аливаа зөрчлийг арилгана, шударга, чөлөөт зах зээлийг бий болгоно. Одоогийн статусаар ШӨХТГ ийм дүрэм журам гаргуулахгүйн төлөө хичээн ажиллаж байгаа ч эрх хэмжээ нь хүрэхгүй байна.
Тодруулга: "Монгол Улсад шударга өрсөлдөөнийг дэмжих эрхзүйн шинэчлэл байгууллагын чадавхийг бэхжүүлэх" төслийг хэрэгжүүлэгч Олон улсын хөгжлийн эрхзүйн байгууллага (IDLO) нь 1988 онд байгуулагдсан, 2001 онд НҮБ-ын ажиглагчийн статустай болсон, манай улс тус байгууллагад 2015 онд гишүүнээр элсээд байна. IDLO нь тогтвортой хөгжил болон хууль дээдлэх ёс, соёлыг бий болгон хэрэгжүүлэхийн төлөө ажилладаг Засгийн газар хоорондын олон улсын байгууллага юм.