Монгол бичгийн хичээлээ давтахад нь хүүхдүүдэд тусладаг болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар багийн иргэн Х.Сувдаа монгол бичгийн хичээлээ давтахад нь хүүхдүүдэд тусалдаг болжээ. Хориод жилийн тэртээ шамдан суралцсан монгол бичгээ хүүхдүүдэд зааж туслахдаа дуртай байдаг талаар Х.Сувдаа сонирхуулсан юм.
Монгол бичгийг сурахад төвөгтэй мэтээр хүүхэд, эцэг эхчүүд ойлгодог тал бий. Тиймээс цаад утга агуулгыг ойлгуулж, сонирхол төрөхүйцээр хөтөлж заахад хүүхэд залуучууд өөдөө дэгжихийн билэгдэл болсон үндэснийхээ бичиг үсгээ сурахыг хичээдэг болно хэмээн тэрээр үздэг тул заавал олон хүүхэд цуглуулаад самбар шохой бололгүйгээр гэрийн шавь сургалтаар хүүхдүүдэд монгол бичиг заадаг байхыг хүсдэг гэлээ.
Тэрээр 1990- ээд оны эхээр Улаанбаатар хотын нэгдүгээр амаржих газарт дүн бүртгэгчээр ажиллаж байхдаа хамт олон нь монгол бичгийн хичээл заалгах үеэр анхны мэдэгдэхүүнтэй болсон. Тэр үед Өвгөнхүү захиралтай Монгол бичгийн хоршоолол 45 хоногийн сургалт зохион байгуулдаг байсан бөгөөд түүнд анхны мэдлэгээ гүнзгийрүүлэн суралцаж, үндэсний бичгээрээ алдаагүй зөв бичиж, уншдаг дүрмийн сайн мэдлэгтэй болсон гэнэ. Тэр цаг үеийнх шиг ингэж үндэснийхээ бичиг үсэгт суралцах нийгмийн хөрс суурь одоо үгүйлэгдэж байна хэмээн санал бодлоо хуваалцаад “Тэр үед монгол бичгийг ихэд сонирхон, шамдан суралцсан. Сургалтаа төгссөнөөс хойш удалгүй хөдөө шилжин ирсэн тул монгол бичгээ мартахгүйг хичээн хавь ойрынхоо хүүхдүүдэд заадаг, монгол бичгийн даалгавараа хийхэд нь тусалдаг болсон. Мөн “Хүмүүн бичиг” сонинг байнга захиалан уншдаг нь өнөөг хүртэл монгол бичгээсээ холдохгүй байхад тусласан ” хэмээн хуучилсан юм. Хурал, цуглаанд суусан ч хувийн тэмдэглэл хөтөлсөн ч монгол бичгээрээ л бичдэг. Өөртөө бол хос бичигтэн хэмээн тэрээр сонирхуулж байна. Хичээлээ заалгахаар, даалгавартаа туслалцаа авахаар түүнд хандан ирдэг хүүхдүүдийг аль болох монгол бичигт улам сонирхолтой болгохыг хүсдэг гэв.
Одоо тэрээр долоо хоногийн гурван өдөр 4-р сургуулийн долдугаар ангийн сурагчдын эцэг эхийн хүсэлтээр хүүхдүүдэд монгол бичгийн хичээлээ давтахад нь тусалдаг болжээ.
Т. Отгонтуяа