Гурван улсын аялал жуулчлалыг кластераар хөгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2020-10-20 17:22:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Алтайн хязгаар, БНХАУ-ын ӨМӨЗО, Монгол Улсад говийн чиглэлд аялал жуулчлалын бүсийг харилцан байгуулж, бүс нутгийн хамтарсан кластерыг хөгжүүлэх саналыг 3 орны аялал жуулчлалын салбарын сайд дэмжин хүлээн аваад байна.

Энэ талаар БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл өнөөдөр болсон Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд нарын ээлжит 5 дугаар цахим хуралдааны үеэр дахин тодотгож онцлов. 

Тэрээр, энэ удаагийн хуралдаанаар 3 улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг "COVID-19" цар тахлын эрсдэлийг даван туулах, салбарын үйл ажиллагааг дахин сэргээн хөгжүүлж өргөжүүлэх талаар санал бодлоо солилцож байгааг тэмдэглээд, цаашид 3 улсын энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжин өрнүүлэх нь салбарын үйл ажиллагааг сэргээх, тулгамдсан бэрхшээлийг шийдэхэд ач тустайг хэлэв. 


Дэлхий нийтэд "COVID-19" цар тахлын хорио цээр, бусад сорилт тулгарсан энэ цаг үед 3 улсын сайд нарын ээлжит хуралдааныг ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын агентлагаас санаачлан цахим хэлбэрээр зохион байгуулсан юм. Хуралдаанд Монголын талаас БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, Оросын талаас ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын агентлагийн дарга З.В.Догузова, БНХАУ-аас тус улсын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Жан Сью тэргүүтэй төлөөлөгч нар оролцлоо. 





Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нар 2019 оны 6 дугаар сард Бишкек хотноо 5 дахь удаагийн уулзалт хийх үеэр 3 талын хамтын ажиллагаанд тодорхой ахиц гарч буйг тэмдэглэн, "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр"-ийн төслүүдийг түргэн хэрэгжүүлэх чиглэл өгсөн юм. Төслүүдийн жагсаалтад багтсан "Цайны зам" аялал жуулчлалын төслийг хэрэгжүүлэх хүрээнд БНХАУ-ын санаачилгаар 3 улсын аялал жуулчлалын сайд нарын хуралдааныг 2016 онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулж, "Цайны зам"-ын олон улсын аялал жуулчлалын холбоог байгуулсан юм. 

Гурван улсын Аялал жуулчлалын сайд нарын ээлжит хуралдааныг 2017 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод, 2018 онд Улаанбаатар хотноо зохион байгуулсан бол өнгөрсөн жил БНХАУ-ын ӨМӨЗО-ны Улаанцав хотноо болсон юм. 

Энэ удаагийн цахим хуралд манай улсын аялал жуулчлалын мэргэжлийн холбоодын зөвлөл, хувийн хэвшлийн аялал жуучлалын төлөөлөгчид оролцов.




Монгол Улсад ирж буй гадаадын жуулчдыг ОХУ, БНХАУ-ын иргэд тэргүүлдэг. Өнгөрсөн онд манай улсад ОХУ-аас 141.927 жуулчин ирсэн нь 2018 оны тооноос 9.9 хувиар өсжээ. БНХАУ-аас 168.292 жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 2.2 хувиар мөн өссөн байна. Харин Монгол Улсаас БНХАУ руу 1.4 сая, хойд хөрш рүү 356 мянган хүн аялж байжээ. 


Гэрэл зургийг Н.Батбаяр


相关新闻