Томуу, томуу төст өвчний тохиолдол нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар, амбулаторийн 87.707 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчинтэй 3945 тохиолдол оношлогджээ.
Энэ нь нийт үзлэгийн 4.5 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувь, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.5
хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Нийт өвчлөгсдийн 36.4 хувийг нэг нас хүртэлх, 26.5 хувийг
2-4 нас, 15.7 хувийг 5-9 нас, 8.8 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.
Хүүхдийн түргэн тусламжийн 901 дуудлага ирснээс 40 хувь нь томуу, томуу төст
өвчний тусламж, үйлчилгээг авжээ.
Өнөөдрийн байдлаар, нийслэлийн харьяа эмнэлгүүдийн
хүүхдийн 1123 орон дээр 667 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Шинээр хэвтсэн өвчтөний
99 буюу 20.0 хувь нь томуу, томуу төст өвчинтэй байгаагаас 91.9 хувь нь хүүхэд
байна. Хүнд өвчинтэй хүмүүсийн 15 буюу 19.2 хувийг амьсгалын замын өвчин эзэлж байгаа юм.
Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог
халдварын үед эцэг эхчүүд бага насны хүүхэддээ тавих анхаарал халамжаа
сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон
нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэх хэвших,
өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар
сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл
мэндийн газраас зөвлөж байна.