Биоаюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн барилгын ажлыг түргэтгэхийг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа ХӨСҮТ-ийн Биоаюулгүй ажиллагааны III зэрэглэлийн лабораторийн барилгын явцтай танилцлаа.
Тус барилгын ажил 2014 онд эхэлсэн ч одоо хүртэл ашиглалтад ороогүй байгаа бөгөөд барилгын ажлын явц 90 хувьтай байна. Дэлхий дахинд шинэ коронавирүсний цар тахлын дэгдэлттэй холбоотой ХӨСҮТ-ийн орыг нэмэх, бэлэн байдлыг хангах зорилгоор барилгын ажлын явцыг түргэтгэх, дээрх байгууллагуудын хамтарсан ажлын хэсэг гаргаж ажиллахыг Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа үүрэг болголоо.
Энэ үеэр ЭМЯ-ны Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Т.Бямбасүрэн, гүйцэтгэгч байгууллага болох “Энигма” ХХК, Барилга хөгжлийн төв, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү бусад албадын дарга нар байлцав.