"Зориг сан"-гийн тэтгэлгээр оюутнууд бичил төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-11-09 17:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Зориг сан"-гийн их, дээд сургуулийн оюутнуудад зориулсан тэтгэлэгт хөтөлбөрт 2020-2021 оны хичээлийн жилд нийт 60 оюутан тэнцэж, сургалтын тэтгэлгээ гардан авлаа.  Уг хөтөлбөрийг "Зориг сан" Швейцарын Хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж байна. 

Хөтөлбөр нь сурлагын амжилт, нийгмийн идэвх зүтгэлээр тэргүүлж буй ч санхүүгийн улмаас үргэлжлүүлэн суралцахад хүндрэлтэй байгаа оюутнуудыг урамшуулж буй аж. Мөн тэдний нийгмийн амьдралын идэвх оролцоог хөхиүлэн дэмжих замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах зорилготой аж. 


Хөтөлбөрт өнгөрсөн 15 жилд нийт 1200 орчим оюутан хамрагдаж, 150 гаруй бичил төсөл хэрэгжүүлжээ. Энэ хичээлийн жилийн тэтгэлэгт хамрагдсан залуучуудын нэг СЭЗИС-ийн оюутан Б.Хатансанаа ярихдаа, “Их сургуульдаа тэнцсэн ч нэг жилийн төлбөр нь манай аав ээж, гэрийнхний бүтэн жилийн орлогоос өндөр байсан. Тиймээс цаашид сурч чадах эсэхдээ эргэлзэж байсан. Улмаар “Зориг сан”-д хүсэлтээ илгээж, шалгаруулалтад тэнцсэнээр сургалтын төлбөр гэсэн том бэрхшээл, хүнд ачааг шийдвэрлэсэн” гэж байлаа.


"Зориг сан"-гийн тэтгэлэгт аль ч их, дээд сургуулийн оюутан хамрагдах боломжтой


Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамтран нийгэмд тустай бичил төсөл боловсруулан хэрэгжүүлдэг байна. Мөн тэдний ур чадварыг нэмэгдүүлэх, нийгмийн хүрээг тэлэх зорилгоор сургалт зохион байгуулдаг байна. Тэтгэлэгт хөтөлбөрийн ёслолын үеэр Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч оюутнуудад хандан, Монгол Улсын төдийгүй дэлхийн иргэн байхын төлөө сурч эрмэлзэхийг уриалсан бол “Зориг сан”-гийн зөвлөх С.Баяр, Швейцарын ард түмний итгэлийг дааж татварын мөнгийг нь үр дүнтэй зарцуулж, бүх талын түвшнээ ахиулахыг оюутан залуучуудад хэлж байлаа. 


Тус тэтгэлэгт хөтөлбөрт дотоодын их, дээд сургуулийн хоёроос дээш курсийн үндсэн ангид 3.2-оос дээш голч дүнтэй суралцаж байгаа бүх оюутан өрсөлдөх боломжтой юм. Түүнчлэн орон нутгийн болон нийслэл Улаанбаатар хотын захын дүүргүүдээс суралцаж байгаа оюутнуудыг хамруулдаг онцлогтой. 



相关新闻