Статистикийн байгууллагын төсвийг нэмэх шаардлагатайг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-05-26 11:28:42

Төрөөс статистикийн мэдээллийг хүртээмжтэй болгох, энэ чиглэлээр олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор статистикийн байгууллагын хүний нөөц болон төсвийг нэмэх хэрэгтэйг УБСГ-ын дарга С.Мэндсайхан өнөөдөр болсон “Хэрэглээний статистик: Сургалт, судалгаа ба бизнесийн инноваци” олон улсын хурлын үеэр онцлов.

НҮБ-аас баталсан Тогтвортой хөгжлийн зорилтын 169 дүгээр зүйлд “Өмнөх зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд статистикийн байгууллагын чадавхийг бэхжүүлж, мэдээллийг ашиглана” хэмээн заасан. Үүнтэй холбогдуулан дэлхийн улс орнууд статистикийн байгууллагаа хөгжүүлэхэд ихээхэн анхаарах болсон юм. Монгол улсын статистикийн байгууллага ч өөрийн аргазүй, аргачллыг боловронгуй болгоход анхаарч байна. Үүний тулд нэн тэргүүнд статистикийн мэдээллийг хэрэглэгчдэд хүргэх, тэдний боловсролыг дээшлүүлэхэд анхаарах шаардлагатай байгааг хэлж байв.

Тэрбээр, “Өнгөрсөн онд бид Ерөнхий боловсролын лаборатори сургуулиудын ахлах ангийн буюу 11, 12 ангийн математикийн хичээлийн хөтөлбөрт статистикийн хичээлийг туршилтаар нэвтрүүлсэн. Уг туршилт амжилттай болсон тул энэ жилээс бүх ЕБС-ийн ахлах ангийн хичээлийн хөтөлбөрт статистикийн хичээл орох болсон. Энэ хүрээнд саяхан ЕБС-ын математикийн багш нарт зориулан статистикийн талаар сургалт явууллаа. Хувь хүн биеийн жингээ үзэх, хүүхдийнхээ өндрийг тодорхойлох зэргээр өдөр бүр статистик мэдээлэл ашигладаг. Цаашдаа статистикийн хэрэглээг улам бүр гүнзгийрүүлж, мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй” хэмээв.

Статистикийн байгууллагын үйл ажиллагааг өргөжүүлэх, хөгжүүлэхэд төрөөс анхаарах шаардлагатай байгааг УБСГ-ын удирдлагууд танилцуулав. 5 сая хүн амтай Финландын статистикийн байгууллагад 1000 хүн, Австралид 6000 хүн ажилладаг. Гэтэл Монгол Улсын статистикт 110 ажилтантай байгаа нь дэлхийн дунджаас хэт доогуур үзүүлэлт юм. Одоо байгаа үйл ажиллагааг өргөжүүлж, мэдээллээ илүү нарийн гаргадаг болохын тулд нэн тэргүүнд хүний нөөцөө нэмэгдүүлэх шаардлага тулгараад байна. Түүнчлэн өнгөрсөн онд Үндэсний статистикийн хороо (хуучин нэрээр)-наар 166 мэргэжилтэн гадаад хамтын ажиллагааны үйл ажиллагаанд оролцсон бөгөөд үүнд ердөө 5 сая төгрөг төсөвлөжээ. Тиймээс статистикийн байгууллагын үйл ажиллагааг хүртээмжтэй болгох, олон улсын хэмжээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулахад төрөөс хүний нөөц болон төсвийг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. 

Статистикийн газрын мэдээлэлд улс төрийн хүчин нөлөөлдөг хэмээн эргэлзэх хүмүүс олон. Гэхдээ тус байгууллага хамгийн бодит мэдээлэлд тулгуурлан статистик үзүүлэлтээ боловсруулдаг бөгөөд улс төрийн хүчнүүдээс нэг ч удаа дарамт ирж байгаагүй тул үүнд эргэлзэх шаардлагагүй гэдгийг УБСГ-ын мэргэжилтнүүд дурьдав.

НҮБ-ын гишүүн 194 орноос 24 нь 4 жилийн хугацаанд Статистикийн комиссын гишүүнээр ажиллаж, олон улсын статистикийн бодлого, аргачлалыг тодорхойлоход үүрэг гүйцэтгэдэг. Монгол Улс өнгөрсөн 4 жилийн хугацаанд тус комиссын гишүүнээр ажилласан бөгөөд энэ хугацаанд уул уурхайд тулгуурлан эдийн засгаа хөгжүүлдэг орнуудад зориулан баялгийн хэмжээ, эдийн засагт үзүүлж байгаа нөлөөллийг судлах цогц аргачлалыг санаачлан дэлхийн 13 оронтой хамтран боловсруулжээ. Мөн “Хөгжиж байгаа орнуудын статистикийн мэдээллийн нээлттэй байдал” үзүүлэлтээр эхний 3 байрт орсон байна. Түүнчлэн Тогтвортой хөгжлийн зорилтыг тодорхойлох үзүүлэлтийг тодорхойлох зорилго бүхий НҮБ-ын мэргэжлийн өндөр түвшний комисст Монголын төлөөлөл оролцож байгаа аж. Энэ бүхэн нь Монголын статистикийн байгууллагын үйл ажиллагаа өндөр түвшинд байгааг харуулж байгааг хуралд оролцогчид хэлж байлаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Н.Батбаяр

相关新闻