119 тусгай дугаарын дуудлага 3 дахин нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-11-13 13:53:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гамшгийн үеийн бүх нийтийн бэлэн бэлтгэл байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 119 тусгай дугаарын шууд утасныхан бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус утасны 30 шугам ажиллахаас 20-иор нь үйлчилж байгааг Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төв (НЭМҮТ)-ийн Тархвар зүй, шуурхай удирдлагын албанаас мэдээллээ. 

Тодруулбал, халдварын эрсдэл бүр өргөжиж байдал хүндэрвэл 30 шугам бүрэн ажиллах юм байна. Эрсдэл гайгүй үед 10 шугам ажиллаж буй аж. Жишээ нь, өнгөрсөн зуны тайван байдлын үед 2-3 шугам ажиллаж иржээ. 



Манай улсад "COVID-19"-ийн цар тахлын анхны тохиолдол гарч байсан өнгөрсөн 3 дугаар сард 119 тусгай дугаарын дуудлага шөнөдөө 980 хүрч байжээ. Тэгвэл энэ удаа, Бэлэн байдал зарласан 11 дүгээр сарын 11-ний 06.00 цагаас 12-ны 06.00 цагийн хоорондох байдлаар нийт 3187 дуудлага ирж, 3 дахин нэмэгджээ. 


"COVID-19"-ийн халдварын бэлэн байдал, хариу арга хэмжээ авч хангах чиглэлээр иргэдийг эмнэлэг, бусад үйлчилгээний газар нэг дор, нэг цагт бөөнөөр цуглуулахгүй байх, ийм эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх үүднээс олон улсын жишиг болон ДЭМБ-ын заавар болон ЭМЯ-наас өгч буй зөвлөмж, удирдлагын дагуу эмч, эрүүл ахуйч, судлаач зэрэг төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг бэлтгэн 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа аж. 119 тусгай дугаарын утас нь төлбөргүй, дижитал сисмтемтэй, 24 цаг тасралтгүй ажиллаж байгаа юм.

Иргэд цар тахалтай холбоотой асуудал гарч, эрүүл мэнд болон сэтгэлзүйн хувьд хүндрэл учирвал НЭМҮТ-ийн дэргэдэх тусгай дугаарын 119 руу хандаж зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой аж. 


相关新闻