Хүүхдийн амьсгалын замын өвчин, тууралт, салхин цэцэг гарах хандлагатай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирус илрүүлэх шинжилгээ авах цэг, шинжилгээний оношлуур хангалттай байгаа учраас одоогоор иргэд яарч сандран шинжилгээ өгөхөөр бөөгнөрөл үүсгэх хэрэггүйг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл өнөөдрийн 17.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тэрбээр мэдээлэлдээ, “Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх нь коронавирусээс урьдчилан сэргийлэх үндсэн арга юм. Сүүлийн хоёр хоногийн байдлаар, бага насны хүүхдийн амьсгалын замын өвчин, тууралт, салхин цэцэг гарах хандлагатай байна. Иймд хоёр хүртэлх насны хүүхдийн асаргаа сувилгааг сайжруулах хэрэгтэй. Хэрэв хүүхэд өндөр халуурах, биеэр нь ямар нэгэн тууралт гарах шинж тэмдэг илэрвэл 119 эсвэл 1800-0119 гэсэн дугаараас зөвлөгөө авах боломжтой. Мэргэжлийн хүүхдийн эмч нар зөвлөгөө өгч байна” хэмээсэн юм.