Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол 455 болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ, Дорнод, Дархан-Уул аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 17-нд нийт 1643 хүнд шинжилгээ хийхэд 20 хүнд коронавирус илэрчээ.
Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улаанбаатар хотод бүртгэгдсэн голомтод ойрын хавьтал 529 хүнд шинжилгээ хийхэд таван хүнд халдвар илэрлээ. Уг голомтод бүртгэгдсэн голомтод халдварын тоо 15 болж байна. Хоёрдогч хавьтал 3700 хүнийг шинжилгээнд хамруулахад халдвар илрээгүй. Сэлэнгэ аймагт өчигдөр 300 гаруй хүнд шинжилгээ хийхэд зургаан хүнээс халдвар илэрсэн. Ингээд Сэлэнгэ аймагт 10 тохиолдол бүртгэгдлээ. Төмөр зам дагуу тандалт шинжилгээ хийхэд Говьсүмбэр аймагт цуглуулсан сорьцуудаас нэг хүнд халдвар илэрсэн. Улаанбаатар хот болон төмөр зам дагуух төв суурин газруудын гэсэн хоёр голомт бүртгэгдэж байна. Улаанбаатар, Сэлэнгэ аймагт гарсан хоёр голомтод тус бүр 15 тохиолдол бүртгэгдээд байна. Тандалт судалгааг эрчимтэй явуулж байна. Тиймээс төмөр зам дагасан суурин газруудын оршин суугчдыг шинжилгээнд хамрагдахыг уриалж байна” гэв.
Ингэснээр, манай улсад "COVID-19" халдварын 455 тохиолдол бүртгэгдлээ. Эднээс 329 нь эдгэрээд байгаа юм. Ажиглалтад 17, гэрийн ажиглалтад 2, ажиглалт тандалтын хугацаа дууссан 310 хүн байгаа бол долоон хүнийг нутаг буцаажээ.
ХӨСҮТ-д онош батлагдсан 119 хүн эмчлүүлж байгаагийн 3-ынх
нь биеийн байдал хүнд, 2- нь хүндэвтэр, 94 нь хөнгөн байна.
ХӨСҮТ-д нийтдээ 183 хүн ажиглалт тандалт, хяналтад байгаа
аж.