Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт 85 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-28 15:27:56

Энэ сарын 12- нд эхэлсэн улаанбурханы эсрэг нэмэлт дархлаажуулалт 25- ны өдөр дуусах байсан ч улсын хэмжээнд дархлаажуулалтын хамрагдалт 80 хувьтай байгаа тул хугацааг энэ сарыг дуустал үргэлжлүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан аймгийн Эрүүл мэндийн газрын дарга тушаал гаргаж, дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг зарим сумын Засаг дарга нарт сануулсан байна.

Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт дархлаажуулалт 85 хувьтай, Өлзийт, Хулд, Сайнцагаан сумаас бусад сум 18- 30 насны иргэдээ бүрэн дархлаажуулсан гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Дээрхи гурван сумын хувьд дархлаажуулалт 60- 70 хувьтай байгаа бөгөөд энэ сарыг дуустал дархлаажуулалтыг эрчимжүүлэх шаардлагатай,  хамрагдвал зохих иргэдийг бүрэн хамруулаагүй Засаг дарга нарт хариуцлага тооцох тухай Засгийн газар мэдэгдэж байгаа тул нэмэлт дархлаажуулалтад анхаарал тувь ажиллахыг Эрүүл мэндийн газрын дарга тушаалдаа онцолжээ.

Дундговь аймгийн хэмжээнд нэмэлт дархлаажуулалтад хамрагдах 18- 30 насны 7020 иргэн байгаа юм.

Т. Отгонтуяа

相关新闻